Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Беларусь улстай хийх хэлэлцээрийг баталлаа
2019.01.31

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Беларусь улстай хийх хэлэлцээрийг баталлаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Бадельхан танилцууллаа. 

Байнгын хороо 2019 оны 01 сарын 30-ны өдөр хэлэлцэж, хуулийн төслийг батлахыг дэмжжээ. 

Хууль санаачлагч болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ.