М.Билэгт 2019.01.31 | Vip76.mn

М.Билэгт: Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд хэзээ өөрчлөлт оруулах вэ?

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Хаврын чуулганы хугацаанд газар эзэмших эрхийг улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгөөр бүртгэх талаар ярьж байхад газрын тухай, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын тухай хуулиудыг эргэж харан, эдгээр хуулиудад шинэчилсэн найруулга хийх төсөл 2018.12.31-ээс өмнө өргөн барих үүрэг салбарын сайд нарт өгсөн. Байгаль сүйдэж байгааг хараад иргэдийн сэтгэл зовинож байгаа. Хэдэн үеэрээ хайрлан хамгаалж, шүтэж ирсэн байгаль үгүй болж байна. дээрх хуулиудад өөрчлөлт хийгдэх асуудал ямар түвшинд явж байна вэ?

Тусгай хамгаалалт гэсэн самбар л тусгай хамгаалалттай газар байгаа шүү. Иргэдэд хаалттай хэрнээ хууль бус үйлдлийн өмнө хүчгүй, өөр зориулалтаар ашиглаад л байх юм. Бид хамгаалж чадахгүй байгаа нь төсөв орон тооноос шалтгаалж байна гээд л яриад байх юм уу? салбарын сайд ямар бодолтой байна вэ?”

Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон тус яамны газрын дарга нар хариуллаа.