“Залуу гэр бүлийн амжиргааг дэмжих” төслийг Сүхбаатар дүүрэгт эхлүүллээ
2019.02.01

“Залуу гэр бүлийн амжиргааг дэмжих” төслийг Сүхбаатар дүүрэгт эхлүүллээ

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас 2019 онд Сүхбаатар дүүрэгт хэрэгжихээр болсон гурван тусгай төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Лоринет сангийн Монгол дахь төлөөлөгч Б.Тамир, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эверт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, тус дүүргийн ХХҮХ-ийн дарга М.Отгонтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сүхбаатар дүүрэгт хэрэгжих уг гурван тусгай төслийн хувьд  өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар зорилтот залуу гэр бүлийн амжиргааг дэмжих, зорилтот бүлгийн хүүхдүүдийн үндсэн хэрэгцээг хангаж, хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлаа хангах болоод гамшгийн менежментийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Төслийг Дэлхийн зөн Монгол, НЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, МЭЭ-ийн холбоо Сүхбаатар дүүргийн хамтын ажиллагааны баг хамтран хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Монгол улсад олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. НЗДТГ-тай газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төсөл дээр хамтран ажиллаж байна. Тэр дундаа Сүхбаатар дүүрэгт “Залуу гэр бүлийн амжиргааг дэмжих”, “Хүүхэд халамж ба эрүүл мэнд”, “Гамшигт тэсвэртэй хотууд” гэх гурван тусгай нийгэмд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна.

Дээрх төсөл, хөтөлбөрүүдэд зорилтот бүлгийн хүмүүс  хамрагдах ёстой.  Үүн дээр бид хяналт тавьж, хамтран ажиллах болно. ХНХЯ, Нийслэл, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Сүхбаатар дүүргийн ХХҮХ бүгд нэг баг болж, энэ том төслийг амжилттай хэрэгжүүлж, гарах үр дүнг өндөр байлгахын төлөө хамтран ажиллах болно.

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эверт: Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хувьд өнгөрсөн хугацаанд та бүхний дэмжлэгтэйгээр төслүүдээ амжилттай хэрэгжүүлж ирсэн. Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж эхэлж байгаа 3 тусгай төслийн хувьд Сингапур, Дэлхийн зөн Монгол улс, Дэлхийн зөн Солонгос, Лоренит сангууд нэг дор цуглаж хамтдаа энэ төслийг хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Төслийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сараас судалгааны ажлыг эхлүүлж, зорилтот бүлгийн 160 айлыг сонгож, төсөлд хамруулах ажлыг эхлүүлсэн. Бид төслийнхөө ард амжилттай гарч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бидний ажлыг үргэлж дэмжиж хамтран ажилладаг НЗДТГ болон Сүхбаатар дүүргийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.