Д.Сумъяабазар 2019.02.01 | Монголын үнэн

Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр эргэж сэргээдгээ болих хэрэгтэй

Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр эргэж сэргээдгээ болих хэрэгтэй

Шатахууны үнийн хэлбэлзэлтэй холбоотой эхний алхмыг хийжээ. Энэ талаарх мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар хэвлэлийнхэнд өгсөн. Тэрбээр “Аж ахуйн нэгж байгууллагуудтай нэлээд ярилцсаны үр дүнд шатахууны үнийг 100-200 төгрөгөөр бууруулсан.

Үнэ өсөхөд өсч, буурахад буурдаг шударга тогтолцоог ард иргэд хүсч байгаа. Тиймээс ийм тогтолцоонд шилжих эхний алхмыг хийж, холбогдох импортлогч компаниудад шаардлага хүргүүлсэн” гэлээ. Дээрх мэдээллийн дараа түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Салхит болон Асгатын мөнгөний ордыг төрийн мэдэлд шилжүүлэх зайлшгүй ямар шалтгаан байсан юм бэ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой, хууль зөрчсөн мэдээлэл бидэнд ирсэн. Хууль хяналтынханд өргөдөл гомдол гаргасны дагуу шалгалт хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах, холбогдох мэдээ мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс нь аваад явж байсан юм билээ. Энэ үед нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн асуудал гарсан учраас Засгийн газар болон холбогдох газрууд ярилцаж байгаад хууль дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байсан учраас Ашигт малтмал, газрын тосны газраас ордын тусгай зөвшрөөлийг цуцлахаар шийдвэрлэсэн.

Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гаднын болон дотоодын бүх аж ахуйн нэгж хууль дүрмээ чанд мөрдөх учиртайг сануулж буй хэрэг. “Эрдэнэт”-ийн хувийн эзэмшилтэй холбоотойгоор “Монросцветмет” холбогдсон асуудал байсан учраас шийдвэр гаргаад Асгат болон Салхитын ордыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн. Нөхөн олговрын тухайд мэдээж хууль хяналтынхан ажиллаж байгаа. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан нь тодорхой болсон. Энэ асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор Сингапурын компанид бүртгүүлсэн гэх асуудал гарсан. Энэ талаар бид нарийн мэдээлэл аваагүй ч манай мэргэжлийнхэн болон хуулийнхан ул суурьтайгаар судалж байна. Ямар учраас Сингапурын компанийн нэр дээр бүртгүүлснийг судалж энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна.

-Хамрын хийд орчимд тусгай зөвшөөрөл олгосныг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Энэ тухайд тодорхой хүмүүст хариуцлага тооцох уу?

-Ер нь аялал жуулчлалтай холбоотойгоор тухайн нутаг орны онгон сахиустай газарт тусгай зөвшөөрөл олгоно гэдэг байж боломгүй явдал шүү дээ. Үүнд эцсийн шатны шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн асуудал гарсан юм билээ. Салбарын сайдын хувьд миний зүгээс “Шахаж ажилла, хуулийн хүрээнд яаралтай шийдвэр гарга гэдэг чиглэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хариуцаж буй хүмүүст нь өгсөн. Ойрын хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцэлнэ. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээг авна. Ер нь аялал жуулчлал, онгод сахиус зэрэг орон нутгийн иргэдийн шүтдэг газарт ашиглалт болон хайгуулын зөвшөөрөл олгох нь байж болохгүй асуудал юм.

-Хамрын хийд орчимд хэзээ, хаанаас тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм бэ?

-2007 онд анх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд шүүхийн шийдвэрээр буцааж сэргээсэн юм билээ. Энэ хооронд буюу цуцалсан байх хугацаанд нь Дорноговь аймгийн тусгай хэрэгцээнд авсан. Тухайн үед тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан буюу хаалттай талбай байсан. Гэсэн ч шүүхийн шийдвэрээр хоёр жилийн өмнө эрхийг нь сэргээсэн юм билээ. Уул уурхайн сайд болон Дорногоь аймгийн Засаг дарга орон нутгийн иргэдээс ч мөн хүсэлт ирүүлсэн. Ингэснээр Хамрын хийдэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай сонсох ажиллагаа явуулахаар боллоо. Энэ талаарх мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудад хүргэсэн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулна. Бүх талыг байлцуулж, тайлбар мэдээллийг авснаар шийдвэр гаргана. Дорноговь аймгийн Засаг даргын зүгээс хоёр компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ирүүлсэн.

-Хэрвээ тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргавал нөхөн төлбөрийн асуудал үүсч таарах байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Олон зуун жилийн турш шүтэж тахиад ирсэн газарт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох нь ёс зүйд төдийгүй зарчимд нийцэхгүй асуудал. Тэгэхээр хайгуулын 7.1, ашиглалтын 1.6 га талбайдаа л эрэл хайгуул болон судалгааны ажпаа хийж, ашигт малтмалын ордоо шинэчлэн тогтоох ажлыг шинжлэх ухаанд суурилан хийх учиртай юм. Энэ бол төрийн бодлого. Өнөөдөр эдийн засагт эерэг үр дүн авчирч байгаа нь яах аргагүй нүүрсний салбар гарцаагүй мөн. Тэгэхээр бид цаашдаа ч БНХАУ-тай нүүрсний худалдаа хийгээд явах нь ойлгомжтой. Энэ мэтээр бүх харилцаагаа тодорхой болгоод явбал эдийн засагт эерэг дүн гарна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгжүүдийн эрхийг шүүхийн шийдвэрээр эргэж сэргээдгээ болих Хэрэгтэй. Ялангуяа манай шүүгч нар үүнд онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудалд Үндсэн хуулийнхаа хүрээнд хандаад мэргэжлийн байгууллагууд нь хайгуул хийгээд “Үйл ажиллагаа явуулж болохгүй” гээд шийдчихсэн байхад хууль шүүхийнхэн нь эргэж сэргээдгээ болимоор байна. Хамрын хийдийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг тун удахгүй эцэслэнэ. Үүний дараагаар нөхөн төлбөрийн асуудлыг ярьж таарна.

-Алтны татвар одоо есөн хувь хэвээрээ гэж ойлгож болох уу. Энэ асуудлыг хэлэлцэхгүй их удаж байна, үүнээс үүдэлтэйгээр алт тушаалт буурахвий гэсэн болгоомжлол байна л даа?

-Алтны татвар санаа зовоож байгаа асуудал боллоо. Энэ бол аль нэгэн компанийн лоббид орсон юмуу аль нэгэн аж ахуйн нэгжийг дэмжсэн зүйл огт биш. Манай улс түүхэндээ 22 тонн алтыг Монголбанкинд төвлөрүүлээд байна. Энэ бол 897 сая ам.доллар буюу манай улсын эдийн засагт жин дарах хэмжээ. Өнөөдөр бид алтны салбарыг үйл ажиллагаа, бодит орлогоор нь дэмжиж байгаа бол цаашдаа төгрөгийн ханшийн тогтвортой байдал, валютын нөөцийг хангах нь чухал. Ингэснээр эдийн засагт эерэг үр өгөөж бий болно. Оны эхний сарын байдлаар алт тушаалт зургаа дахин буурсан гэж байна. Энэ бол ерөөсөө тоотой л холбоотой юм. Тэгэхээр алтны татварыг 2.5 хувь болгож байж гадагшаа гарч буй алтыг Монгол Улсдаа үлдээж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Алтны татварын тухай хуулийг чуулганаар хэлэлцэхийг хойшлуулсан. Тиймээс Цагаан сарын дараа бэлдэж байгаад бүлгийн хуралдаан болон Эдийн засгийн байнгын хороогоор оруулснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэх байх. Ингэж байж алтны салбарын татвартай холбоотой асуудлыг цэгцэлнэ.

 

М.Өнөржаргал