Лүндээжанцан.Д 2019.02.01 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ

Хаврын ээлжит чуулганаар 29 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.02.01) хуралдаан 9 цаг 34 минутад 63.2 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49, нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3.    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4.     “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5.    “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

6.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24. Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан зарчмын зөрүүтэй зарим санал гаргасан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийгчуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.