2019.02.01

Л.Болд: Сонгууль, намуудын шинэчлэлд гол анхаарал, хүчээ хандуулаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Та нэн түрүүнд юу хийх вэ гэж асуухаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж байна. Хэрвээ тийм бол Та Дон Кихот л болно. Тэрээр тээрэмрүү довтолдог шиг амьгүй зүйлрүү зүтгэж байна. Үүний цаана өөрчлөлт байхгүй. Бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой ч байхгүй бүтэхгүй юмны араас явж хамаг цагаа барах вий гэж санаа зовж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ард түмнээс санал авч, ажлын хэсэг судалгаагаа хийг. Таны өмнөх 2 УИХ-ын дарга хичээгээд амжаагүй.

Та Зөвлөлдөх ардчиллыг нутагшуулах гэж ярьдаг. Гэхдээ та байгаа олоогүй. Үндсэн хуулийн бүх ард түмнээрээ шийдэх асуудлыг та асуусан ч буруу хүмүүсээс асуусан. Доторхи нарийн зүйлсийг нь л асууж болох байсан. Одоо УИХ-ын дарга болоод оноогүй зүйлээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гээд оролдоод байж болохгүй шүү.

МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн 5 гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэж бүлэг байгуулсан. Энэ маш том асуултын хариу. Монгол ялна гэдэг баялгийн эзэн нь Монгол хүн гэсэн үг. Та энэ чиглэлд анхаарч бидэнтэй хамтран ажиллахыг санал болгож байна. Сонгууль, намуудын шинэчлэл зэрэгт та хамгийн гол анхаарлаа хүчээ хандуулах ёстой.”