Гарамжав.Ц 2019.02.02 | Vip76.mn

Ц.Гарамжав: “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг яаралтай байгуулах нь зөв

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Энэ цахим хяналтын удирдлагын төвийг яаралтай байгуулах шаардлага бий. Технологи хөгжсөн эрин зуунд хүмүүсийг бөөнөөр нь хорьж яллахаас татгалзах нь зүйтэй. Яг энэ чиглэлийн судалгаа хэр хийгдсэн бэ?

Ял эдлэж байгаа хүн заавал хоригдоод байлгүй электрон бугуйвч зүүлгээд хяналтанд байлгах боломж нь зүгээр гэж харж байна.

Зөрчлийн хуульд шүүмжлэл их байна. Гэхдээ 2019 оны судалгаагаар гэмт хэргийн тоо буурсан бөгөөд хүнд гэмт хэрэг нилээд буурсан гэсэн тоо байна. Гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг буурахад зөрчлийн хууль иргэдийн ухамсарт сайн нөлөөлжээ гэж харж байна.”

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуллаа