О.Баасанхүү 2019.02.02 | Vip76.mn

О.Баасанхүү: Тоног төхөөрөмж байхгүй учраас хууль хэрэгжилтийг хойшлуулж байна

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Тоног төхөөрөмж байхгүй учраас хууль хэрэгжилтийг хойшлуулна гэж байгааг дэмжихээс өөр арга алга. Ялыг хэрэгжүүлэх нөхцөлгүй учраас... Гэхдээ тоног төхөөрөмж хэтэрхий үнэтэй юм.

Ер нь Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль бол Үндсэн хуулийг зөрчөөд л яваад байгаа шүү. Шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн байхад Анхан шатных нь эцсийнх биш гэж заасан юм байхгүй.

Шүүхийн шат шатны шийдвэр болон 2 талын сул талыг ашиглан нөгөө талд давуу тал болгон ашиглаж байгаа явдал бий шүү.

Зөрчлийн хуулийн асуудал ч төвөгтэй байгаа. Дээрх асуудлуудыг ХЗДХЯ-ныхан анхаарч үзээрэй.”