О.Баасанхүү 2019.02.02

О.Баасанхүү: Шүүхийн шийдвэр гарсан албан хаагчдыг ажилд нь оруулаарай

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“БСШУС-ын сайдыг томилох гэж байна. Уг нь төрийн залгамж халаа гэж байх ёстой ч бууж байгаа сайд нь төрийн нарийн бичгийн даргаа муулаад байна лээ. Уг нь бол дэмий юм. Төрийн албан хашиж байгаа хүн шүү дээ. Ё.Баатарбилэг та сайд болоод Төрийн нарийн бичгийн даргыг халж болохгүй шүү. Шүүхээр тэр хүнийг ажилдаа орж болно гээд шийдвэр нь гарчихсан. Хэрвээ халах юм бол та улс төрийн захиалгатай ажил хийж байна гэсэн үг шүү.

Танай яаманд шүүхийн шийдвэрээр ажилдаа орох ёстой олон хүн бий. Тэднийг ажилд нь оруулаарай гэж хүсье. Хүн болгон тэгш, төгс байх албагүй. Та ажил хийхдээ алдаж болно. Харин салбар чинь унаж байгаа шүү. Болосврол соёл спорт шинжлэх ухаан гэж бий. Та спортын мэргэжилтэн биш хэдий ч хичнээн олимпийн тамирчид төрүүлэх вэ? Мөн энэ салбарт тендерийн луйвар их бий. Энийгээ анхаараарай.”

Түүний асуултанд БСШУС-ын сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариуллаа.