Д.Сумъяабазар 2019.02.04 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахмадуудтай уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахмадуудтай уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар энэ сарын 2, 3-ны өдөр уламжлал ёсоор сар шинийн босгон дээр сонгогдсон тойргийнхоо иргэд, ахмадуудтай уулзалт хийж, ажлаа тайлагналаа.

Тэрбээр “УУХҮЯ дээр таван төсөл хэрэгжүүлэхээр бид зорилт тавин ажиллаж байна. Хамгийн чухал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөлөө. Бид энэ оны зургаан сарын сүүлээр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргахаар сайтар судлан  ажиллаж байна. Мөн нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 80 орчим хувьтай, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 9 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ сарын 7-9-ний хооронд Энэтхэг улсын Дэйли хотноо болох олон улсын Газрын тосны форумд оролцон, тус улсаас авч буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг баталгаажуулна” гэлээ.

Мөн өнгөрсөн сард Швейцари улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ ХБНГУ-ын холбогдох сайд нартай уулзаж, тус улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойг байгуулахад зарцуулах 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн юм. Иймээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, дамжуулах хоолойн төслийн ажил зэрэг эхлэхээр төлөвлөн ажиллаж буй юм.

Түүнчлэн алт цэвэршүүлэх үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн газрын асуудлыг шийдсэн тухай уулзалтын үеэр дуулгалаа.

Сар шинийн босгон дээр хийсэн уулзалтын үеэр өнгөрсөн онд хийсэн ажлуудаа тайлагнав.

Тухайлбал, дүүргийн 8-р хороонд сургуулийн спорт заал шинээр ашиглалтад оруулж, 25-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн юм. Мөн 127-р цэцэрлэгийн өргөтгөл болох 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, мөн тус бүр 150 хүүхдийн ортой хоёр цэцэрлэгийг барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийжээ. Үүгээр ч дуусахгүй “Оюунлаг ирээдүй” нэртэй номын сан, өдөр өнжүүлэхтэй хүүхэд хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, дүүргийн 21-р хорооны 361 гарам болон Ар гүнтийн 300 гаруй айлыг эрчим хүчний өндөр хүчдэлд холбосон гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Харин 2019 онд тойргийнхоо хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийг ажиллуулж эхлэх, газар чөлөөлөлт болон барилгын ажил нь хийгдэж буй цэцэрлэгүүдийг барьж, ашиглалтад оруулах, дүүргийн гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлэх, зам болон далан барих зэрэг олон томоохон ажлууд хийхээр бэлтгэлээ хангажээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг жил бүр ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэгт нь тойргийн ахмадууд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллахыг захин, ажилд нь амжилт хүслээ