Даваасүрэн.Ц 2019.02.04 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбараас төрсөн шинэ гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбараас төрсөн шинэ гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өчигдөр /2019.02.03/ Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр илч, гэрэл түгээх гал голомтын эздээс хоёр гавьяат төрлөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн турбины машинч Чинбатын Энхтуяаг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “ДЦС-4” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн тооцооны техникч Сэндэнгийн Батжаргалыг Гавьяат уурхайчин цол тэмдгээр тус тус шагнасан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбараасаа төрсөн шинэ гавьяатуудаа өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Ч.Энхтуяа нь 1983 онд хуучнаар Түлш, эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан станцын тэргүүний эмэгтэй юм.

С.Батжаргал нь амьдралынхаа 41 жилийг зөвхөн нүүрсний салбарт инженер, лаборантаас эхлээд удирдах албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж салбарын түүхийг бүтээлцэж, залуу үеэ сурган дадлагажуулж, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд оруулсан нэгэн юм. Тэрбээр 2012 оноос өнөөдрийг хүртэл “ДЦС-4” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн тооцооны техникчээр ажиллаж байна.