Л.Оюун-Эрдэнэ 2019.02.14 | Zaluu.com

Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал

Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Хотын даргын томилгооны асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах эрхтэй. Хотын дарга  бол яах аргагүй нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан.  Мэдээж орон нутгийн байгууллага ИТХ хуулийн хүрээнд шийдэх байх.

-"Хөгжлийн банк"-нд шалгалт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шалгалтын явц хэр байна вэ?

-"Хөгжлийн банк"-д өмнө нь нэг удаа шалгалт орж байсан. Энэ материалыг татаж харж байна. Энэ материал дээр үндэслээд дахиж Засгийн газраас ажлын хэсэг оруулахаар төлөвлөсөн. ТУЗ болон дарга удирдлагуудтай уулзсан. 

Ер нь Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг нь нэгдүгээрт, эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах юм. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу эсвэл улс төрчдийн лоббид орж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаар үүрэг нь дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тийм учраас Засгийн газар дээр байгаа хэл ам таталсан сангуудыг нэгтгэх ёстой. Ингэж улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр банк өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Хэрвээ шалгалтаар одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гадны менежментийг оруулах асуудлыг судлах ёстой гэж үзэж байна.

ЗГХЭГ-ыг даргалж байгаагийн хувьд хэвлэлийнхэнд нээлттэй байж 7 хоногт нэг удаа нэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Жишээ нь Эрдэнэс таван толгой хувьцаа гэж ярьдаг ч хүмүүст хангалттай мэдээлэл алга. ОУВС-ийн талаар ч ялгаагүй  хүмүүс мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг мэдээлэлтэй байна. Ингэж байж олон нийтийн эргэлзээг тайлна. 

-Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орох уу?

-ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал.  Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу эсвэл өөр арга байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.

Т.Гэрэл