О.Баасанхүү 2019.02.14 | News.mn

О.Баасанхүү: Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ

О.Баасанхүү: Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган завсарлаад Төрийн ордон нам гүм байна. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Үндсэндээ УИХ-ын даргыг огцруулах гэж 40 хоног төр барьцаалсан. Тавьсан шаардлагууд нь зөв ч гэлээ буруу аргаар тэмцсэнд нь би эгдүүцсэн. Хуулиа батлаад асуудлаа шийд гэдгийг би өмнө  нь ч хэвлэлүүдээр хэлсэн. Хуулиа батлаад долоохон хоногийн дотор шийдэж болох байтал 40 хоног төрийн ажлыг гацаасан нь гадна, дотнын олигархууд, бүлэглэлүүдийн зориуд зохион байгуулсан үйлдэл болов уу гэж харж байгаа. Би нэг жишээ хэлье. Хойд Солонгос болон АНУ Монгол Улсад уулзалт хийх сонирхолтой байсан. Би Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн даргын хувьд үүнийг хэлж байгаа юм. Гэтэл энэ хооронд Төрийн ордныг машинаар дайрлаа, талбай дээрээ жагсаж парламентын үйл ажиллагааг гацаалаа. Мөн Шангри-Ла зочид буудалд гаднын тагнуул амиа алдлаа. Энэ бүхний үр дүнд Монгол Улс тогтворгүй засаглалтай, аюулгүй байдал нь хангалтгүй бие даасан гадаад бодлого явуулах чадваргүй болж гаднынханд харагдаж байна. Алдсан боломжууд юу байсан бэ гэдэг талаас нь би ярьж байгаа юм. Мөн өнөөдөр ШХАБ-д элсэх, цөмийг хог хаягдлыг Монголд булшлах сонирхолтой болж байна. Өмнө нь бид цөмийн хог хаягдлыг эсэргүүцдэг байсан. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ангижиръя гэдэг шийдвэр гаргаж, энэ тохиолдолд хогийг нь яах вэ гэдэг асуулт гарна. АНУ-ын Hudson Institute-ээс боловсруулсан төслөөр бол Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар ярьсан байна лээ.

-Баталгаатай мэдээлэл юм уу?

-Би хуульч хүн, хоёрын хооронд зүйл ярихгүй. Энэ бүхэнд бид өнөөдөр сонор сэрэмжтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цөмийн хог хаягдлыг булшлах тал дээр эерэг байр суурьтай байдаг. Одоо энэ байр сууриндаа хэвээр байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй.

-УИХ-ын даргыг солихын тулд хоёр сар орчмын хугацаанд намрын чуулганы үйл ажиллагааг гацааж есөн ч удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Одоо асуудал шийдэгдсэнээр улс төрийн хямрал, хагаралдаан бүрэн дуусч чадах болов уу. Ирэх хаврын чуулганы уур амьсгалыг та хэрхэн харж байна вэ?

-Ер нь бол энэ асуултыг надад тавих нь зохисгүй. 76 гишүүн байж УИХ бүрдэнэ. Нэг эсвэл найман гишүүн байснаар УИХ биш. 76 гишүүний 40 нь засаглалд шууд нөлөөлж болдог гэдгийг сая бүгд харлаа. Засгийн газар байгуулж ч эсвэл хүссэн хуулиа батлуулж болно. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг долоо хоногийн дотор шийдсэн. Хэрэв одоо энэ 40 багцаараа байгаа бол цаашид юу хийхийг нь би хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой, тогтвортой байх эсэх нь надаас хамаарахгүй.

-УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг төлөвшүүлж чадах болов уу. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Таах тухай асуудлыг би мэдэхгүй.

-Таамаглах гэхээсээ илүүтэй нэг парламентад ажилладаг хүмүүсийн хувьд санал бодлоо хэлээч?

-Г.Занданшатар УИХ-ын дарга болоод гурав, дөрөвхөн хоног л ажиллалаа. Ядаж нэг бүтэн чуулганыг өнгөрөөсний дараа нь дүгнэх асуудал. УИХ-ын дарга дөнгөж болонгуут нь энэ сайн ажиллана гэж пялдагдах, эсвэл муулах нь зохисгүй л дээ.

-Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар товлосон. Энэ сонгуулийн хүчтэй өрсөлдөгч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр  гэж улс төрийн хүрээнд таамаглаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Би энэ талаар хэдэнтээ байр сууриа илэрхийлсэн. Нөхөн сонгуульд Н.Энхбаяр дарга өрсөлдөж болно. Гэхдээ гарахгүй ш дээ.

-Яагаад?

-Хэнтийн тойргийн сонгогчид дунд явуулсан судалгаанаас харагдана. Тэд Д.Гантулгыг тэнэгтээ сонгоогүй харин ч ухаантай.

Өнгөрсөн 30 жил Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр, Н.Багабанди гэх мэт энэ хүмүүсээс тэд залхчихсан. Хэтэрхий ухаантай, унасан хойноо бүр их ухаантай болчихдогоос нь залхсан гэсэн үг.

Тийм учраас өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Гантулгыг сонгосон. Нөхөн сонгуулиар энэ сонголтоо л  сайжруулахыг  хүснэ. Сонгогчдын өнөөдөр өгч байгаа мессеж нь шинэ сонголт.

-Шинэ сонголт гэдэг нь шинэ нам юм уу, шинэ улстөрч юм уу?

-Шинэ улс төрийн хүчний тухай ойлголт биш. Ард түмэн өнөөдөр АН, МАН-д дургүй болсон гэж ярьж байгаа боловч бодит байдалд шинэ улс төрийн хүчнийг эсвэл сайн шийдвэр гаргахыг хүсээд байна уу гэдгийг би мэдэж байх ёстой. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд гарах боломж нь өндөр байгаа.

-Харин танай намын даргад боломж байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр гуайг УИХ-ын гишүүн болгох сонирхол зөвхөн Х.Баттулгад л бий.

-Шалтгаан нь?

-Хонгилгүй ялагч болж харагдах хэрэгтэй байна шүү дээ. Ерөнхийлөгч болгон дахин сонгогдох мөрөөдөлтэй байдаг. Трампаас эхлээд л сонирхол нэг.

Ерөнхийлөгч Х.Баттулгад Н.Энхбаярыг худлаа ч гэсэн хажуудаа байлгаад өрсөлдсөн дүр үзүүлээд ялах нь өөрт нь ашигтай. “Бөмбөг бөөрөнхий, сонгууль сонин болдог” гэдэг үгийг би бодож олохов дээ. Урьдчилан дүгнэх боломж алга.

-Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хороосон хэргийн талаар дахин сөхөгдлөө. Шүүхээр шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл ч гарсан. Танд энэ талаар нэмэлт мэдээлэл байна уу?

-Хэн ч хоосон ярьж болно. Гэхдээ ямар нэгэн үйлдэл хийх ёстой. С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт манай тойргийн иргэд холбогдчихоод байгаа учраас ар гэрийнхнийх нь хүсэлтээр би энэ хэрэгт анхаарал хандуулж ирсэн. Миний бие Ази, Номхон далайн Парламентын холбооны ерөнхийлөгчийн хувьд Олон улсын парламентын холбоог авчирч хоригдож байгаа хүмүүстэй уулзуулах гэсэн боловч чадаагүй. Хоёрдугаарт, Ж.Батзандан болон бусад гишүүдийн зүгээс ноцтой ноцтой мэдэгдэл хийсэн. Үүний дагуу холбогдох хуулийн байгууллагуудад би асуулт тавьж хариуг нь авсан. УЕП М.Энх-Амгаланг УИХ-ын чуулганд оролцох болгонд нь би С.Зориг агсны амь насыг хороосон хэргийн талаар асуулт тавьдаг. Хамгийн сүүлд М.Энх-Амгалан прокурорын хэлснээр “Гурван шатны шүүх шийдчихсэн учраас хэргийг дуусгасан буюу эцэслэгдсэн. Гэхдээ гурван асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж хэлсэн. Үүнээс өөр надад нэмэлт мэдээлэл алга.

-Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан тухайд?

-Би мэдэхгүй. Буцсан гэдгийг нь хэн мэдээд байгаа юм, хуулийн байгууллагын аливаа асуудал хаалттай. Хэн нэгэн үүнийг зориуд зохиомлоор олон нийтийн анхааралд оруулах гэсэн үйл ажиллагаа байхыг ч үгүйсгэхгүй. Хэргийн захиалагчийг нь олохгүй юм бол хоригдож байгаа хүмүүсийг нь цагаатгах ёстой. Гэтэл захиалагчийг олох боломж нь хоёр нөхцөлөөр хаагдаад байгаа юм. Нэгдүгээрт, хэргийн хөөн хэлэлцэх хоёр жилийн хугацаа үлдсэн байтал энэ хугацааг дуусгачихсан. Хоёрдугаарт, хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс прокурор руу хэргийн зарим хэсгийг шилжүүлэх, олон нийтэд мэдээлэхгүйгээр хаалттай байлгасан. Үүнийг нь нээлттэй болго гэдэг асуудлыг анх тавьсаар зарим хэсэг нь л нээлттэй болсон.

-Манай улс ШХАБ-д 15 дахь жилдээ ажиглагч статустай явж ирсэн. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн байр суурь өнгөрсөн хавраас хойш хөвөрсөн. Ойрын өдрүүдэд уг асуудал дахин сөхөгдлөө. Та ч гэсэн  яриандаа ШХАБ-ын асуудлыг хөндлөө. Ер нь энэ асуудлаар таны хувийн байр суурь ямар байна вэ?

-ШХАБ-д элсэх тухай асуудлыг хөнгөнөөр шийдэж болохгүй гэдэг би хатуу байр суурьтай. Элсэх үгүй эсэх талаар ярилцаж болно. Гэхдээ шийдвэрийг нь парламент гаргах ёстой. Хэрэв олонхоороо гэдэг зарчмаараа тэд асуудалд хандаж үүний төлөө М.Энхболдыг огцруулсан бол Монголоороо тоглож байгаа хэрэг. Олон улсын гэрээ нь НҮБ-ын конвенцээр баталгаажсан байдаг. Жижиг улсын хувьд олон улсын аливаа гэрээнд орох нь эрсдэлтэй. ОХУ-ын зүгээс ШХАБ-ыг цэрэг армийн эвсэл гэж тайлбарладаг харин Хятадын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа гэж ШХАБ-ыг зарласан. Миний хувьд манай улс ШХАБ-д элсэх цаг нь биш гэж хэлнэ. Сайн бодох ёстой. ШХАБ-д элссэн улс орнуудын хүн амын тоог нь мөн улс төрийн дэглэм зэргийг нь бид нарийн тооцож судалж байж шийдвэр гаргах асуудал. Монголоороо тоглосон аливаа шийдвэрийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.