С.Чинзориг: Эхний ээлжинд бага цалинтай хүмүүсийн цалинг нэмнэ
2019.02.14

С.Чинзориг: Эхний ээлжинд бага цалинтай хүмүүсийн цалинг нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦААГ ЖИЛ БҮР ЗУРГААН САРААР СУНГАСНЫГ ГУРВАН САР БОЛГОЖ БАГАСГАСАН

-2019 онд ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах тулд Засгийн газраас ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-2014 оноос хойш нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг инфцляцийн түвшинтэй уялдуулж хоёр удаа нэмэх шийдвэрийг гаргасан. Төрийн албан хаагчдын цалинг нийт 16.8-35 орчим хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Энэ бол Олон улсын валютын сантай хамтран санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн юм.

Мөн төсвийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд цалин нэмэгдүүлэх төсөв, санхүүгийн боломж бий болсон юм. Цалин нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаа. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын ажлын байрны нөхцөлд судалгаа хийж байж үндэслэн цалинг нь шинэчлэх арга хэмжээг авна. Ажлын байрны нөхцөл, үр дүн, хариуцлага, ачааллаас хамаараад цалинг нь ялгамжтай тогтоож өгнө.

2019-2020 онд бага цалинтай хүмүүсийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлье гэсэн бодолтой байна. Эдийн засгийн нөхцөл байдал, боломжтой уялдуулаад цалин хөлсийг нэмнэ. Гурван талт улсын хэлэлцээр эхлэхээр энэ асуудлыг тодорхой ярина. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг эхлээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ярилцана. Ер нь төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх зарчмыг Засгийн газраас баримталж байгаа. Мөн ирэх онд цалингийн тогтолцооны өөрчлөлтийн судалгааг үргэлжлүүлэн хийнэ.

-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ?

-2017 онд иргэдийн тэтгэвэрт гарах хугацааг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй их тулгарсан учраас тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн шийдвэрийг гурван сар болгож багасгасах шийдвэрийг гаргасан. Нийгмийн хамгааллыг зохих түвшинээс бууруулахгүй байх шийдвэрийг гаргаж ажиллана.

2017, 2018 онд байгуулсан гурван талт хэлэлцээр 83 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна. Бид удахгүй 2019, 2020 оны гурван талт хэлэлцээрийг байгуулах ажлыг хийнэ. Монголын Үйлдвэрчний эвлэлээс гаргасан саналуудыг анхаарч ажиллана. Зарим зайлшгүй асуудлыг нь гурван талт хэлэлцээрт оруулна. Мөн заримыг нь гурван талт хэлэлцээрт тусгахгүйгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.

-Нийт хүн амын 30 хувь нь ядууралтай байна гэх судалгаа гарсан. Ядуурлыг бууруулах чиглэлд ямар ажлыг явуулах вэ?

-2016 онд Үндэсний статистикийн газраас Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар нийт хүн амын 29.9 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. 2016 оноос хойш хүн амын дунд ядуурлын судалгааг хийгээгүй. Үүнээс хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, МСҮТ-д сурч буй оюутнуудад 100 мянган төгрөг олгож байгаа гэх мэт нийгмийн хамгааллын чиглэлд олон ажил хийж байгаа.

2019 оны улсын төсөвт иргэдийн бодит орлого, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Ингэснээр ядуурлын хэмжээ тодорхой хэмжээгээр буурахад нөлөө үзүүлж байгаа болов уу. Ажлын байрыг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурал буурна. Энэ чиглэлд бид МСҮТ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Гаднаас авах ажиллах хүчний хувь хэмжээг мөн бууруулсан.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай гэж та үзэж байгаа юу?

-Улс төрчдийн хамааралтай компаниуд зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй. Гэхдээ өмөөрч хамгаалаад байх зүйлгүй. Ёс зүйн хувьд хариуцлага тооцох асуудал. Авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан бол өөр нэг хэрэг. Зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцох асуудал мөн.