Н.Амарзаяа 2019.02.18 | Vip76.mn

"Шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" асуулга тавилаа

"Шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" асуулга тавилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" асуулга тавьсан байна.

Асуулга тавих тухай албан бичигт:

           "Дэлхийн зах зээл дээр 2015 оноос газрын тосны үнэ буурч, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнэ буурсан үед буюу 2015 оны 2 дугаар сараас эхлэн гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгож, мөн 2015 оны 11 дүгээр сараас Засгийн газрын 438 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түдшний онцгой албан татварыг тонн тутамд Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор А-80 болон АИ-92 автобензинд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнуав боомтоор А-80 болон АИ-92 автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн байсан.

            Харин Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний А-80, АИ-92 автобензин онцгой албан татварыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн А-95 болон түүнээс дээш октантай автобензиний 1 тонн тутамд 210,000 төгрөг, дизель түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн А95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизель түвшринд 150,000 төгрөгийн онцгой албан татвар төлдөг.

            Нөгөө талаас Монгол Улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.

            Монгол Улсын шатахуунтай холбоотой нөхцөл байдлыг ашиглан 2016 оноос эхлэн зарим аж ахуйн нэгжүүд керосин, нафта, химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдэд гэх мэт татваргүй нефть-химийн бүтээгдэхүүнтэй холих замаар автобензин, дизелийн түлшний үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр ашигтайгаар борлуулах ажиллагаа эхэлсэн гэдгийг иргэд мэдээлсээр ирсэн. Энэ талаар удаа дараа санал гомдлууд ирсэн бөгөөд Өргөдлтийн байнгын хороо ч уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байсан.

            Судалгаанаас харахад 2015 онд 16,2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4,3 мянган тонн, 2016 онд нийт 85,6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59,4 мянган тонн керосин, 12,6 тонн нафта тус тус импортолсон байна.

            Үүнээс керосины хувьд авч үзэхэд шатахууны ОАТ-ын хэмжээ бага байхад импортын хэмжээ зөвхөн хэрэглээний хэмжээгээр авч байсан бол татварын хэмжээ нэмэгдсэн 2016 оноос хойш керосины импортын хэмжээ 72 хувиар огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2017, 2018 онуудад ч огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. мөн керосинтой хамтаар нефтийн нэрлэгийн хүнд, хөнгөн фракцийн химийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирж буй нь хуурамч, чанарын шаардлага хангахгүй бензинээр хэрэглэгчдэд үйлчилж байгаагийн илрэл юм.

            2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.1.1-д чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох” гэж хуульчилсан. Мөн 2017 оны 04 дүгээр сард шинэчлэн батлагдсан “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин Техникийн шаардлага. MNS217:2017” стандартад “Бензин импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт хэмжээ, хольж болохгүй” гэж заасан байдаг.

            Манай улсын хэмжээнд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрдэгдсэн сүүлийн үеийн 840 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл, олон тооны уул уурхайн хүнд механизм ашиглагдаж байгаа бөгөөд эдгээр нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан шатахуун, тос, тосолгооны материал ашиглахыг шаардаж байгаа юм.

            Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Танд хандан тавьж байна. Үүнд:

  1. Керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татвар тогтоох шаардлагатай эсэхийг тодорхойлох,
  2. Цаашид энэ төрлийн чанаргүй бензин үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулагч нартай хэрхэн ажиллах, хэрэглэгч нарын гомдлыг хэрхэн барагдуулах, ямар арга хэмжээ авах талаар,
  3. Дээрх бүтээгдэхүүнүүдийн хэтийн хэрэглээ, түүний тооцооллыг нарийвчлан гаргах, түүний хэрэглээнд хяналт тавих ямар боломж байгаа талаар тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна."

Эдгээр асуудлыг Засгийн газар анхааралдаа авч судлан хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, Монгол УЛсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.