Н.Амарзаяа 2019.02.19 | Vip76.mn

"Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" асуулга тавилаа

"Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" асуулга тавилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас "Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна.

Асуулга тавих тухай албан бичигт:

           "Ус бол амьд байгаль, хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардагдах хамгийн үнэт эрдэнэ юм. Усыг орлуулах өөр бодис байхгүй учраас газрын тос, алт, зэс, нүүрстэй адилтгашгүй. Ус дутагдвал араасаа нийгмийн гүн гүнзгий хямрал, зөрчил дагуулах аюултай.

         Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд гадаргын усны алдагдалтай, тал хээр, говийн гандуу хуурай бүс нутагт усны нөөцийн 22 хувь нь бүрэлдэж, нутаг дэвсгэрийн 30 хувийг эзлэх харьцангуй чийглэг, гадаргын усны алдагдал багатай өндөр уулын бүс нутагт нийт нөөцийн 78 хувь бүрэлдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт эдгээр үзүүлэлтийг сөрөг тал руу нь хэвийлгэсээр л байна.

            Өнөөдөр бид стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг нэрлэж, ашиглаж чадаж байна. харин стратегийн ач холбогдолтой гүний усны нөөц, ирээдүйн үүц зэргийг харин тодорхойлж чадаагүй байна.

            Дэлхийн улс орнууд усны өнөөгийн хэрэглээг эдийн засгийн үр ашиг, түүний нөхөн сэргээгдэх байдал, өөрөөр хэлбэл бүхий л талуудтай нь уялдуулан ашигладаг, үнэлгээг тогтоодог болсон. Усны талаарх бодлого ч илүү даяарших хандлагатай болсоор байна.

            Гүний усны хэрэглээний стандартаар нийт усны 50 хувийг л хэрэглэх ёстой. Эс бөгөөс гүний ус эргэн нөхөгдөх боломжгүй болдог байна. Энэ нөөцийг стандартын дагуу өнөөгийн хэрэглээний өсөлтөөр 25-30 жил ашиглах боломжтой.

            Өнөөдөр уул уурхайн томоохон ордуудыг ашиглаж байгаатай уялдуулан гүйний усны хэрэглээ ихэсч, харин гадаргын усыг бохирдуулсаар байна. Үүнийг ч орон нутгийн малчид, иргэд ихээр эсэргүүцсээр ирсэн. Иймд бид цаашдаа гүний усны нөөцийг үнэлэх, нөөцийн талаарх мэдээллээр тасралтгүй хангаж байх, байгууллагын усны хэрэглээний түвшинг илүү нарийвчлалтай хянах зэрэг олон талт ажлыг хийх шаардлагатай. Мөн гадаргын усны бохирдлыг ч хянадаг, хэмждэг бохирдуулсан эх сурваджийг тов тодорхой болгох шаардлагатай.

            Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Танд хандан тавьж байна.

Үүнд:

  1. Усны талаарх урт, дунд, богино хугацаанд ямар бодлого, арга хэмжээ авахаар төлөвлөсөн байгаа. Мөн ямар ажлууд хийгдэж байгаа талаар,
  2. Гүний усыг ашиглаж буй усны хэрэглээ, түүнд тавьж буй хяналт, түүний баталгаатай байдлыг тодруулна уу. Өөрөө хэлбэл, ямар уурхай, хаанахын хэдий хэрийн хэмжээний усыг хэдэн жил ашигласан, цаашид хэдэн жил ашиглах, цаана хичнээн хэмжээний усны нөөц үлдэж байгаа, үүнийг хэрхэн баталгаажуулж хяналт тавьж байгаа талаар,
  3. Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа усны төлбөр дэлхийн жишигтэй хир нийцэж байгаа талаар,
  4. Гадаргын ус, саарал усыг ашиглах, усны дэвшилтэт техник, технологийг талаарх бодлого, түүний хэрэгжилт, уул уурхайн салбарт ашиглаж буй байдал, авч буй арга хэмжээний талаар тодруулна уу?

Эдгээр асуудлыг Засгийн газар анхааралдаа авч судлан хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, Монгол УЛсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.