Д.Лүндээжанцан 2019.02.18 | Vip76.mn

Хэнтийн иргэд төрд төлөөлөх хүнээ сонгоно

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгох сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийг баталлаа. Ингэснээр Хэнтий аймгийн иргэд төрийн хууль батлах дээд байгууллагад өөрсдийн төлөөлөлтэй болох боломж бүрдэж байна.

Сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгуулийг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлж, санал авах ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 30-нд явуулахаар тогтлоо.

Харин нөхөн сонгох сонгуулийн зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгалаа.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт өнгөрсөн оны 10 дугаар сард нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон 62 дугаар тогтоолыг баталсан ч Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон юм.

Учир нь нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 62 дугаар тогтоол нь “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан

Улмаар Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг ийн хэлэлцэж баталсан юм.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 27.052 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй болж, Үндсэн хуулиар лгогдсон эрхээ эдлэх боломжтой болж байна.