Хүчдэлгүй болоод байсан гурван аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангав
2019.02.19

Хүчдэлгүй болоод байсан гурван аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангав

2019.02.18-ны өдрийн 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц тусдаа гарсан. 

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэл зөрүүтэй зааж байсан тул даруй үзлэг хийсэн. Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байлаа.

Шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэгт гарсан. “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” /АУЭХС/ ТӨХК-иас Есөнбулаг таван дизель, “Тайшир” УЦС-ын хоёр турбингенератор ажиллуулж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан юм. Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлсэн.

“АУЭХС” ТӨХК-иас Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт зургаан дизель ажиллуулсан. 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр тэжээв.

“Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-иас 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан.

Эрчим хүчний салбарын хамтарсан ажлын хэсэг цаг алдалгүй түргэн шуурхай ажиллаж 2019.02.19-ний шөнийн 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт, 03:29 цагт 110 кВ—н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт тус тус хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт “Тайшир” УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд тус тус ажиллагаанд орууллаа.