С.Мөнхчулуун 2019.02.19 | medee.mn

С.Мөнхчулуун: МАН шударга бус, гишүүдээ ялгаварласан шийдвэр гаргасан

С.Мөнхчулуун: МАН шударга бус, гишүүдээ ялгаварласан шийдвэр гаргасан

Өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс хассанд тооцох шийдвэрийг гаргасан. Уг асуудалтай холбогдуулан С.Мөнхчулуунаас тодруулга авлаа.

НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛДӨӨ ӨРГӨДӨЛ ӨГНӨ
-МАН-ын Хяналтын хорооноос гаргасан таньтай холбоотой шийдвэрт ямар байр, суурьтай байгаа вэ?

-Манай намын дүрмийн 1.1-т “Монгол Ардын нам нь тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэсэн нийгмийн ардчилсан үзэл бүхий нам мөн” гэж заасан байдаг. Уг үндсэн үзэл баримтлалаа баримтлах хэрэгтэй. МАН-ын Хяналтын хороо өчигдөр шударга бус, гишүүдээ ялгаварлан гадуурхсан шийдвэрийг гаргасан гэж би үзэж байна. Намын удирдах зөвлөлөөс дэмжсэн хүний эсрэг Хотын даргад нэр дэвшсэний төлөө намайг намаас хөөсөн нь шударга бус юм. Надтай өрсөлдсөн ч олонхийн саналыг авч чадаагүй НИТХ-ын дарга С.Амарсайхан мөн өмнө нь намын бодлогыг сөрж НИТХ-ын даргын өрсөлдөөнд заалнаас нэр дэвшиж сонгогдсон. Тэр хүнийг миний адилаар намаас хөөх байтал эсрэгээрээ намын бодлогоор Хотын даргад нэр дэвшүүлж байна, бүр нэг жилийн дараа. Гэтэл намын удирдлагуудын дэмжлэггүй жирийн гишүүн намайг “Намын бодлого сөрсөн” гэх үндэслэлээр хөөж байна. Ийм байж болохгүй. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар мөн намын бодлогыг сөрж заалнаас нэр дэвшиж Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон. Ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Би Хяналтын хорооны шийдвэртэй холбогдуулан намын удирдах зөвлөлдөө өргөдөл өгнө.

-Та Хотын даргад дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ эрх нь нээлттэй. Гэхдээ өмнөхийн адилаар төлөөлөгчдийн олонхийн саналыг авч чадах болов уу?

-Хэдий МАН-ын гишүүнээс хасагдсан ч Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд Хотын даргын өрсөлдөөнд дахин нэр дэвшиж өрсөлдөнө. Өчигдөр Хяналтын хорооны хуралдаанаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг мөн намын гишүүнээс чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэр хүнийг намайг дэмжсэн гэх үндэслэлээр хөөсөн гэсэн. Намайг дэмжсэн гэдгийг яаж мэдэж байгаа юм. Хардлага, сэрдлэгээр аливаа шийдвэрийг гаргаж болохгүй. Ер нь нэр дэвшигчийн хэнийг дэмжих нь тухайн төлөөлөгчийн итгэл, үнэмшлийн асуудал. Нийслэлийн аж, амьдралын төлөө хийж буй сонголт учраас манай НИТХ-ын төлөөлөгчид одоо хариуцлагатай сонголт хийх болов уу. Ялагдсан хүн нэр дэвшинэ гэж байхад ялсан би нэр дэвшиж өрсөлдөнө. Эрх барьж нам гишүүнээ нэр дэвшүүлнэ. Дараа нь төлөөлөгчид өөрсдийн нэрийг нэр дэвшүүлж болно гэсэн журмын дагуу өрсөлдөнө дөө.

image

МИНИЙ ДҮҮГИЙН АСУУДЛЫН НАДТАЙ ХОЛБОЖ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ШУДАРГА БУС
-Таныг Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн хүлээж аваагүй гэх үндэслэлээр МАН-ын гишүүнээс хассан. Та яг ямар шийдвэрийг зөрчсөн юм бэ?

-Иргэдийн хуралд хүргүүлсэн саналыг даган биелүүлээгүй гэх үндэслэлээр намаас хөөж байна. Иргэдийн хуралд хүргүүлсэн санал нь заавал дагаж, биелүүлэх ёстой албан бичиг биш.

-Намын гишүүнчлэлээ дахин сэргээх боломжтой юу?

-Гаргасан зөрчлөө залруулсны дараа өргөдөл өгч намын гишүүнчлэлээ сэргээж болно гэж намын дүрэмд заасан.

-Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Энэ бүхэн С.Мөнхчулуун гэх хүнтэй холбоотой асуудал биш. МАН 2020 он хүртэл дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах эсэх ирэх оны сонгуулиар иргэд, сонгогчдынхоо итгэлийг авч чадах зэрэг нь асуудал давхар яригдана. Өнөөдөр НИТХ-ын зарим гишүүн “Хэрвээ иймэрхүү байдал үргэлжилбэл намаасаа татгалзах саналтай байгаа” гэж ярьж байсан. Намын залуу гишүүд ч мөн намын гишүүнчлэлээсээ татгалзах саналтайгаа хэлсэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар шалтгаанаар таныг батламжлаагүй гэж бодож байна?

-Ерөнхий сайд бид хоёрт хувийн харилцаа байхгүй.. НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласнаас хойш хоёр, гурван удаа л Ерөнхий сайдтай уулзсан. Ямар шалтгаанаар батламжлаагүй гэдгийг Ерөнхий сайд л хэлэх байх. Нийслэлийн засаг дарга бол хариуцлагатай албан тушаалтан. Агаарын бохирдол, түгжрэл гэх асуудлуудыг шийдэх чухал албан тушаал учраас нэлээн судлах шаардлага гарсан болов уу.

-Таны дүүгийн “Сэлэм эргүүлсэн” гэх хэрэг таныг батламжлахгүй байхад нөлөөлсөн үү?

-Тусдаа амьдралтай хувь хүний асуудлаас болж намайг батламжлаагүй бол шударга бус. “Сэлэм эргүүлсэн” гэх хэргийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа.