Улаан.Ч 2019.02.20 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсыг малын зарим өвчнөөр эрүүл бүс болгох нь салбарынхны нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэв

Монгол Улсыг малын зарим өвчнөөр эрүүл бүс болгох нь салбарынхны нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэв

Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2019.02.19) ХХААХҮЯ-ны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. 

Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний харьяа болон хамтран ажиллагч байгууллагууд, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд, албаны дарга нар, албан хаагчид оролцсон юм.  

Зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нээж хэлсэн үгэндээ, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг мөшгих системийг улс орон даяар нэвтрүүлэх, экспортын зориулалттай мал, амьтныг хянах хорио цээрийн байгууламжуудыг барьж байгуулах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөх, мэдээлэх, хэрэгжилтийг тайлагнах, мэдээллийн сан бий болгох зэрэг томоохон зорилтыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ манай уламжлалт нүүдлийн мал аж ахуйн онцлог, өнөөг хүртэл бий болсон уламжлал жишиг, монгол малчдын ахуй, ухамсарын дадал хэвшилтэй оновчтой уялдуулахад онцгой анхаарах нь зүйтэй юм. Өмчийн эзэн малчиддаа оновчтой үйлчилж, тэд нартайгаа хамтран ажиллаж, дэмжлэг туслалцааг нь авч байж л мал сүргээ эрүүлжүүлж, гоц халдварт өвчнөөс сэргийлж чадна” гэдгийг дурдлаа. 

Зөвлөгөөнөөр мал эмнэлгийн салбарын 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт, төлөвлөгөө, салбарын эрх зүйн шинэчлэл, тогтолцоо, бүтцийн тухай танилцуулав. Мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Биокомбинат, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори гэсэн Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа улсын төсөвт үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд хийсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр мал эмнэлгийн салбарт гарч буй шинжлэх ухааны ололт, салбарын боловсон хүчний бодлого, цаашдын чиг хандлага зэрэг асуудлыг хөндөн зөвлөлдлөө. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2019 оныг "Малчинд ойрхон-Мал эмнэлэг" болгон зарласан бөгөөд мал эмнэлгийн байгууллагад ажиллагсадын ажлын хариуцлага, сахилга, дэг, журмыг өндөржүүлж, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдийн сэтгэлд хүрэхүйц түргэн шуурхай хүргэн, мал эмнэлгийн байгууллагаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн зөвлөгөөн нь сургалт, семинар гэхээс илүү мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон, энэ хүрээнд тодорхой үүрэг, чиглэл өгсөн, түүнийгээ орон нутагтаа хэрэгжүүлэх зорилго дүүрэн, бүтээлч, ажил хэрэгч уур амьсгал дор өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл хэллээ. 

2017 онд УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд мал эмнэлгийн салбар шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын анхааралд хүрч, цаашид Монгол Улсаас мал, мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох сонирхол, хүсэлтээ илэрхийлж байна.  

Иймд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүнд учирч байгаа хориг саадыг арилгах, улмаар Монгол Улсыг зарим өвчнөөр эрүүл статустай болгох нь мал эмнэлгийн салбарынхны нэн тэргүүний зорилт болохыг зөвлөгөөнд оролцогчид онцлон тэмдэглэлээ.

Зөвлөгөөнийг хааж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Засгийн газраас батлуулан хэрэгжүүлж буй "Монгол мал" үндэсний хөтөлбөр, "Малын эрүүл мэнд" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлгийн салбарыг чадавхжуулахын төлөө бүх шатны удирдлага, албан хаагчид хүчин чармайлт гарган, хариуцлагатай ажиллахыг даалгав.