Ц.Цогзолмаа 2019.02.20 | Монголын мэдээ сонин

МУЖИК

МУЖИК

“Би итгэл үнэмшлийнхээ төлөө ийм шийдвэр гаргасан юм. Үзэл бодол нэгдэхгүй атлаа үлдээгээд өгөөч гэж гоншигонож гуйдаг хүн биш ээ. Төрийн албанд үүрлэсэн ялзрал, хүнд суртлаа арилгаарай, Ерөнхий сайд аа. Төрд ажиллаж байгаагаа эрх мэдэл гэж андуурсан нэг дарга чинь бүхэл бүтэн яамны хувь заяагаар тоглож байна” хэмээгээд ажлаа өгөөд гарч одсон хүн бол БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа.

Боловсролын салбарт надад хийх ажил их байсан ч үзэл бодол нэгдэхгүй, үргэлж дарамталж буй хурган даргадаа дээрэлхүүлж чадахгүй гэдгээ ил шулуухан хэлчихээд гарч одсон юм. Одоо ч тэр бууж өгөхийг хүсэхгүй байна. Албан тушаалыг мөнх юм шиг санаж, ажлаа өгөхгүй гэж зууралддаг эрчүүдээс арай өөрөөр сэтгэв, тэр. Сайд даргыгаа үл тоодог, яам тамгын газарт бугшсан идээ бээрүүдийг шахаж гаргахын тулд эхнээсээ эцсээ хүртэл тэмцэв.

Суудлаа өгөөд явсан байсан ч энэ төр цэвэрших ёстой гэж үзсэн учраас үгээ айхгүй хэлж, үзэл бодлоо ч ил шулуухан хэлчихлээ. Бусад шиг уйлж суугаад ялагдсангүй, төрийн албаны бугширмал байдлын эсрэг тэмцэхээ хэлчихэв. Эр хүн шиг эмэгтэй юм. Ийм зориг олон сайд нараас гараасай. Тэгвэл төр цэвэршинэ.

Яам гэхээр л хов баздаг, хор хутгадаг, улиг домог болтлоо ажиллачихсан атлаа хамгийн болохгүй бүхнийг хийдэг аниа нарын үүр уурхай болсон нь худлаа биш.

Сайд томилогдоод ирэхээр халагдаад явдаг, шүүхдэж давхисаар ороод ирдэг, яам дотроо бүлэг фракци үүсгэж залуусаа хавчин гадуурхдаг жишиг хаа сайгүй. Үүний эсрэг дуугарсан сайд хэд байв.

Эрчүүд нь бушуухан ажлаа өгөөд явахын түүс. Эмэгтэйчүүд нь өөрт таалагдсан нэг бүлгийг дагаж намираад л дуусдаг. Харин Ц.Цогзолмаа тийм байгаагүй учраас ажлаа өглөө. Тэгж наалдаагүй учраас ад үзэгджээ, янз нь. Сайн муу зүйл улстөрч бүхэнд бий. Ц.Цогзолмаа сайдыг ч энэ бүхэн тойроогүй. Гэхдээ чуулганы индрээс зоригтой дуугарч, ажлаа өгсөн ч араар олон зүйл ярьж гомдоллоогүй учраас түүнийг “мужик” гэж нэрлэв.