Х.Баттулга сайд тойрогтоо ажиллалаа
2011.12.19

Х.Баттулга сайд тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт Баянхонгор аймгийн Жинст сумаас эхлэн тойргийнхоо бүх сумдаар орж иргэд сонгогчидтойгоо уулзан, тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлийг нь сонсжээ. Сонгуулийн тухай хууль төрөн гарахаас өмнөхөн сайд нэгэн санал оруулахаар ажлын хэсэгт хүргүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Иргэдийн хувьд гишүүнийхээ санаачилсан тэрхүү саналыг буюу спирт, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч бизнесмэнүүдийг нэр дэвшүүлэхгүй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Шинэ сум төсөл, иргэн бүрт өгсөн "Эрдэнэс Таван толгойн" 536 хувьцааны үнэ, өнгөрсөн сонгуулиар амласан 2.5 сая төгрөгийг хэрхэн олгох, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр орон нутагт хэрэгжих эсэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү гээд маш олон асуулт тавьж хариултаа авчээ. Төр засгаас ядуурлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаарх иргэдийн асуултад ЗТБХБ-ын сайд, Х.Баттулга "Очсон газар бүрт байнга яригддаг асуудлын нэг нь энэ.

 

Хэдхэн сарын дараа болох сонгуулиар л аль нам нь ажил хийсэн бэ гэдэгт сонгогч та бүхэн дүн тавина. Гэхдээ хувь хүн бүр авхаалжтай байх хэрэгтэй. 2010 онд иргэдийг ажлын дөртэй болгохоор МСҮТ-өөс олон сургалт явуулж 4800 хүн төгсгөсөн. Ядуурлыг бууруулахаар улсаас бодлого хэрэгжүүлж байгаа. Тиймээс иргэд ч өөрсдөө хичээх хэрэгтэй. Ажилтай орлоготой, баян чинээлэг байхын төлөө явах нь зүйтэй" гэсэн хариултыг өглөө. Өнөөдөр Баянхонгор аймаг Улаанбаатараас дутахааргүй утаатай, агаарын бохирдол ихтэй болсон. Заг түлээд сурчихсан учир түлшний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа бололтой. Баянговь сумаас гэхэд сүүлийн таван жил нүүрсний хайгуул хийж байгаа хэдий ч өнөөг хүртэл олдоогүй. Үүнээс шалтгаалан түлээ нүүрсний үнэ өсжээ. Нутгийн иргэдийн хувьд зовлон бэрхшээл тоочоод байхаас илүүтэй бас боломжтой зүйлийн талаар ч санаачлан ярьж байлаа. Өмнөговь аймагт тусгай хамгаалалттай газарт 500 гаруй заг тарьж эхэлсэн нь үр дүнтэй байгаа. Иймд Хонгор нутагтаа ч гэсэн заг ургуулахад анхаарч, үүнд тусламж хэрэгтэй байгааг иргэд хэлжээ. Сайд энэ бүхнийг холбогдох яам, удирдах хүмүүст нь дуулгаж шийдүүлэх талаар анхааран ажиллахаар болсон ажээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.