Ц.Даваасүрэн 2019.02.21 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн удирдлагуудтай уулзлаа

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн удирдлагуудтай уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Бруно Балванера, Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко, эрчим хүч хариуцсан захирал Вадим Синица, дэд бүтэц хариуцсан орлогч захирал Светлана Радченко, дэс банкир Э.Амаржаргал нартай уулзаж, эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтад Эрчим хүчний яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл нар оролцлоо.

Бруно Балванера

 Монгол Улсад өнөөдрийн байдлаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний 4 төсөл буюу нарны эрчим хүчний нэг, салхины эрчим хүчний гурван төслийг хэрэгжүүлж байна. Цаашдаа Монгол улс нь нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, түлхүү ашиглах боломж бий гэж харж байна” хэмээн дурдаад дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийллээ. Үүнд хуулийн хэрэгжилтийг хангуулах, цахилгаан дамжуулах шугамын өргөтгөлийн ажлыг дэмжих, эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр семинар зохион байгуулах, усан цахилгаан станц болон ухаалаг эрчим хүчний технологи, хэмжилтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг багтаж байна. 

Эрчим хүчний сайд тодорхой чиглэл, саналууд дэвшүүлсэнд талархал илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчийг Монгол Улсад өргөнөөр нэвтрүүлэхэд хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарах шаардлага байгаа талаар дурдлаа. Жишээлбэл нарны эрчим хүчийг ашиглахад наргүй болсон үед эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг хангах, зайн нөөцлүүр ашиглах, салхины хүчний тогтворгүй байдлаас үүсэх системийн тогтвортой байдал болон сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын асуудлыг шийдэх нь тулгамдсан асуудал юм гэлээ.

УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний тарифын асуудал дэлхийн зах зээлтэй харьцуулахад маш өндөр бөгөөд нар, салхины эрчим хүчний төслүүдийн зардал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд маш хурдацтай буурч байгаа нь тарифыг дээд хязгаарыг бууруулах гол үндэслэл тул энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулах нь нэн чухал юм хэмээв.

Сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ цаашид Европын сэргээн босголт хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсанаар хуулийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дээврийн нарны гэрлийн төсөл хэрэгжүүлэх боломж, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, ухаалаг эрчим хүчний технологийг зөвхөн аваарийн нөхцөлд биш урьдчилсан сэргийлэх байдлаар ашиглах, эрчим хүчний зайн хураагуур, усан цахилгаан станцын нөөц, боломжийн талаар судалгаа хийх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах саналтай байгаагаа дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцлаа.

Талуудын уулзалт амжилттай, ач холбогдолтой болж өндөрлөсөн бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүд болон арга хэмжээний саналууд ижил байгаа тул цаашид ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахаар боллоо.