П.Баярхүү 2019.02.21 | TМ

П.БАЯРХҮҮ: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж,  төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж байна.

Тэгвэл өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан тус төслийн үйл явцтай танилцлаа.

“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байгаа аж. 

Гэр хорооллын бүх айл, өрх ойрын хугацаанд орон сууцчих боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 200, 300 айлын дунд нэгдсэн нэг дэд бүтэцээр хангаж байна. Гэр хорооллын айл, өрхүүд цахилгаан, цэвэр ус, хамгийн гол нь цэвэрлэх байгууламж, халуун устай болж, өөрийн эзэмшил хашаандаа тав тухтай амьдрах боломж энэ төслийг хэрэгжүүлснээр бүрдэж байна.

Улаанбаатар хотын түүхэнд анх удаагаа ийм шийдлээр айл, өрхийнхөө тав тухыг хангаж байна. БХБЯ-аас төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж, дахин шинээр барих гэж байна. Орон сууцны айлуудын л цэвэр бохирыг авч байгаагаас гэр хорооллын айлуудын бохирыг цэвэрлэх боломж байгаагүй. Энэ "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд гэр хороололд анх удаа  цэвэрлэх байгууламж барьж байна.

БХБЯ-аас Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Сэлбэд "Дэд бүтцийн төв" ашиглалтанд орвол 300-400 айлуудын дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Ингэснээрээ агаар, хөрсний бохирдолгүй болох юм. Шийдлээ дагаад газрын үнэ цэнэ нэмэгдэнэ. Нөгөө талаасаа Дэд бүтцийн төвд ажлын байр бий болно.

Гол нь энд байгаа 285 айл нэгдэж, суурин соёл, бидний өмч гэдэг утгаар ажиллана гэдэг бол хамгийн чухал. Магадгүй энэ дэд бүтцийг дагаад энэ 285 айлуудын дунд шугам сүлжээний контор, СӨХ байгуулагдана.