Б.Алтантуяа 2019.02.21 | ХМА: Монголын Эмнести Интернэшнл ТББ

ТББ руу чиглэсэн дайралт нь хүний эрхийн үйл ажиллагааг дарангуйлсан шинэ хуулиуд батлагдахад хүргэж байна

ТББ руу чиглэсэн дайралт нь хүний эрхийн үйл ажиллагааг дарангуйлсан шинэ хуулиуд батлагдахад хүргэж байна

Эмнести Интернэшнлээс өнөөдөр олон нийтэд хүргэж буй Дуугүй болгохыг санаархсан хууль тогтоомж тайландаа дэлхий дахинд төрийн бус байгууллага(ТББ)-ын үйл ажиллагааг хумих хууль боловсруулж байгаа, мөн ийм хуультай нийт 50 улсыг дурджээ.   

Үйлдвэрчний эвлэлгүйгээр ажилчдын эрх гэж байхгүй. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үгүй бол уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны доройтлыг зогсоож, сааруулж чадахгүй. Цөөнх буюу ЛГБТИ, цагаачид болон уугуул иргэдийн эрхийг хамгаалах бүлгүүд байхгүй бол маш олон хүн дуу хоолойгоо бусдад хүргэж чадахгүй, дарангуйлал дор амьдрах болно.   

Иргэний нийгмийн хөгжлийг дэмжихээсээ илүү хязгаарласан, хориглосон агуулгатай хууль тогтоомж гаргаж байгаа нь айлгах, сүрдүүлэх улс төрийн хандлагын илрэл юм. Гэвч тэд үүнийгээ "терроризмын эсрэг дайн", "хар тамхины эсрэг дайн",  үндэсний аюулгүй байдал, үндэсний онцлог шинж, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах, шашны итгэл үнэмшил, эдийн засгийн бусад зайлшгүй шаардлага зэргээр халхалж байна. Бодит байдал дээр ийм хуулиуд нь олон талт, шүүмжлэлт үзэл бодлыг нухчин дарахын зэрэгцээ иргэний нийгмийг засгийн газруудад хяналт тавихад саад учруулдаг.

2018 оны 10-р сард Пакистаны Дотоод хэргийн яам олон улсын 18 ТББ-ыг үндэслэл шалтгаангүйгээр бүртгэхээс татгалзаж, Беларусь улсад ТББ-уудын төлөө дуугарах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бол, Египетэд гадаадын санхүүжилттэй байгууллагууд маш хатуу, дарангуй дүрэм журам мөрдөх ёстой болж байна. Оросын засгийн газар гадаадын санхүүжилттэй ТББ-уудыг “тагнуул”, “урвагч”, “төрийн дайсан” гэх нэр томъёотой адил утгаар “гадны агент” хэмээн нэрлэж, бүр чихрийн шижинтэй хүмүүсийн төлөө ажилладаг байгууллагад өндөр торгууль ногдуулж, улмаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн тэрчлэн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагууд ч гэсэн энэ дайралтад өртөж байна. Оросын энэ бодлого бусад хэд хэдэн улс оронд дэлгэрээд байна.  

Дарангуй дэглэм рүү хальтран орж буй бусад улсын энэхүү уруудан доройтож буй чиг хандлагыг Монгол улс дагалгүй эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхаглан баталгаажуулсан Үндсэн хуулиа сахин хэрэгжүүлнэ гэж иргэний нийгмийн байгууллагууд найдаж байна.

Хүний эрхийн төлөө тэмцсэн хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй. Дэлхийн удирдагчид эрхээ хамгаалж дуугарсан иргэд, байгууллагыг нухчин дарах бус харин хүмүүсийн ажиллах орчин, нөхцлийг сайжруулах, сайн боловсрол, зохистой эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагатай орон байраар хангагдах зэрэг эрхийг нь баталгаажуулах, эрх тэгш байлгахыг зорих ёстой. Мөн 2018 оны 12-р сард НҮБ-ын төв байранд Хүний эрх хамгаалагчдын тухай тунхаглал батлагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний үеэр хүний эрх хамгаалагчдад аюулгүй, ээлтэй орчин бий болгохоор дахин амласнаа хэрэгжүүлэх ёстой.