Улаан.Ч 2019.02.22 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2018.02.21) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлага, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын болон албаны дарга нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Совд удирдан явуулж байгаа юм.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн үгэндээ:

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлж, тариалангийн талбайн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, үр сортыг сайжруулах, тэдгээрийн нөөцөд суурилан хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ажиллах болно" гэв.

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнгөрсөн онд гарсан ололт амжилт, энэ онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажил, аймгуудын ХХААГ-ын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцууллаа.

Аймгуудын ХХААГ-ын дарга нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар товч танилцуулж, бэлчээрийн усан хангамж, удирдлага, хүний нөөц, боловсон хүчин, төсөв санхүү зэрэг сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа дэвшүүлэн тавьж, байр сууриа илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж улмаар сум, аймаг, бүс нутаг, улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс энэ салбарын бодит, шавхагдашгүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой үйлдвэрлэл явуулж, бүтээмж, чанарыг сайжруулан, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ХХААХҮЯ, түүний харьяа байгууллагууд, аймгуудын ХХААГ-ын удирдлага, албан хаагчдын хамтын ажиллагаа, хүчин чармайлт, бүтээлч санаачилга, хариуцлагатай байдал чухал нөлөөтэй гэдгийг зөвлөгөөний төлөөлөгчид тодотгосон юм. 

Зөвлөгөөн салбар сургалт, семинаруудаар үргэлжилж байна.