Б.Саранчимэг гишүүн ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо
2019.02.22

Б.Саранчимэг гишүүн ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Швейцарь дахь ‘Open heart for Mongolia’ сангийн Ерөнхийлөгч Барбара Симеон болон “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ‘Open heart for Mongolia’ сан, “Чинагийн Галсан” сан хамтран үр дүнтэй олон ажил хийж байгаа юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Монгол Улсын ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархаж байна. Байгаль орчинд ээлтэйгээр амьдрах, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх зорилготойгоор хууль эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

Швейцарь дахь ‘Open heart for Mongolia’ сангийн Ерөнхийлөгч Барбара Симеон Монгол Улсад мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд цаашдаа ч сэтгэл гаргаж, хамтран ажилласаар байх болно гэдгээ илэрхийлэв. Уг сан нь удахгүй малчдад туслахаар орон нутгийг зорьж байгаа аж.

Харин “Чинагийн Галсан” сангийн хувьд 800 мянган мод тарьсан бөгөөд эх орондоо нэг сая мод тарих зорилготой ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа “Чинагийн Галсан” сантай хамтран олон ажил хэрэгжүүлж байсныг тус сангийн тэргүүн онцоллоо.