Б.Дуламсүрэн 2019.02.25 | Өдрийн сонин

Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх

Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх
Өдрийн сонин

“Танайд өнжье” булан энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохын гэр бүлийг онцолж байна.

Эднийх Хархорингийн уулзвараар хойшоо эргээд явахад холгүй харагдах “Хилчин” хотхонд амьдардаг ажээ.

Биднийг очиход гэрийн эзэн онцгойгийн бор ногоон дүрэмт хувцастайгаа тоссон юм. Хашаандаа хоёр давхар цэвэрхэн байшин бариад төвхнөчихжээ. Хажууханд нь байрлах авсаархан цагаан байшинг зааж энэ манай аавынх гэв. Ж.Баяртогтохынх өнөр айл ажээ. Босгоор алхахад сургууль, цэцэрлэгт ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрөх. Байшингийн зүүн хананд байрлах тавиуртаа дүүрэн ном өрчихөж.

Дээхнэ талд нь сийлбэртэй гоёмсог морин хуураа залчихжээ. Гэрийн эзэн тус хуурыг өөрөө урласан талаар сонирхуулсан юм. Мөн амьдарч буй сууцаа ч өөрөө барьжээ.

ОНЦГОЙД ОРСОН ТҮҮХ

Тэрбээр Увс аймгийн Тэс суманд төрж, өсчээ. “Миний нутаг өвөлдөө 40 градус хүртэл хүйтэрнэ, зундаа тэр хэмжээнд хүрч хална. Эрс тэс уур амьсгалтай. Тэсд өссөн хүн тэвчээр суудаг, Тэс нутгаас олон хүчтэй эрс гардаг учир нь ийм.

”Аврагч болсон минь ч өссөн газрын байгалийн онцлогтой салшгүй холбоотой” гэж унасан газар угаасан усныхаа талаар Ж.Баяртогтох ярилаа. Түүний аав Б.Жамсран Хилийн цэрэгт 26 жил ажиллажээ. Хил зөрчигчидтэй тулалдаж байсан удаа олон гэнэ. Биедээ гурван сумны шарх авсан ч нөхдийн хамт хил зөрчигчдийг баривчилж ирж байсан удаа Б.Жамсран гуайд бий. Энэ баатарлаг гавьяаг нь төр засаг үнэлж сар шинийн босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Ж.Баяртогтох 2005 онд нийслэлийн аврах тусгай ангиас ажлын гараагаа эхэлж байсан гэнэ. “Тангаргаа өргөчихөөд сууж байх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Наадмын үеэр л санагддаг юм. Ажилдаа ороод хэдхэн цаг болоод л анхны дуудлагаа хүлээн авч Туул голд осолдсон хүнийг аврахаар явж билээ. Айх, догдлох зэрэгцээд л. Даалгавраа гүйцэтгэчихээд багийн нөхдөөрөө бахархаад зогсож байсан нь саяхан л санагдаж байна. Тэрнээс хойш гол төлөв усанд осолдсон дуудлагад явах болсон. Увс, Хяргас нуур, Тэсийн голдоо хужиртталаа сэлж өссөн надад энэ даалгавар илүү ойр байсан” гэж Ж.Баяртогтох хэлсэн юм. Тэрбээр Монголд томоохонд тооцогдох Хөвсгөл далай, Увс нуур, Онон, Туул, Сэлэнгэ зэрэг мөрнүүдэд аврах ажиллагаа явуулж байжээ. “Усанд шумбаад явж байхад хажуугаар загас жараахай эргэлдээд сонирхолтой шүү дээ. Хүн хийж буй ажил мэргэжлээсээ сэтгэл ханамж авч ажиллана гэдэг хамгийн сайхан. Мөсөн доор мэргэжил нэгтнүүдтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэж баярын оргилуун дарс задалж байсан удаа надад бий” гэж ажлынхаа онцлогоос хуваалцсан юм.

2011 онд Хөвсгөл далайд шатахуун тээвэрлэж явсан “Урал” маркийн машин цөмөрсөн. 54 метрийн гүнд унасан хүнд даацын машиныг хурдан хугацаанд гаргаагүй бол шатахуун далайд асгарах аюул нүүрлээд байжээ. Иймд Нийслэлийн аврах тусгай ангийн алба хаагчид очиж осолдсон машиныг уснаас гаргах ажиллагаа явуулсан байна. Энэ тухай Ж.Баяртогтох ярихдаа “Өвөл хоёрдугаар сард тус осол болсон л доо. Цөмөрсөн “Урал”ыг татаж гаргахын тулд 54 метр гүн рүү шумбаж осолдсон машинд тросс холбох даалгавар авч аврагч Б.Дэлгэрсайхан бид хоёр гүйцэтгэсэн. Тухайн үед 2530 метрийн гүнд даалгавар гүйцэтгэхэд зориулагдсан багаж зүүгээд л 54 метр рүү шумбасан. Холболтоо хийж байхад зуны зуултуурын ажиллагаа зогсож амьсгал авч чадахаа больчихож билээ. Холболтоо хурдхан хийгээд л амь тэмцээд дээшээ зүтгэсэн. Цооногоороо гарч ирээд л ухаан алдчихсан гэдэг юм. Сая нэг сэрээд ханиалгахад амнаас цус гарч байсан даа. Хуурай газар дээр хүн нэг дүүрэн амьсгалахад таван литр агаар сорно. 50 метрийн гүн рүү орчихоор литр хүрэхгүй агаар сорно” гэв.

Ж.Баяртогтох дан ганц Монголдоо ч биш, олон улсын аврах ажиллагаанд хэд хэдэн удаа оролцож байсан гэнэ. 2011 оны гуравдугаар сард Японд цунами болоход очиж аврах үйл ажиллагаа явуулжээ. “Цунами гэдэг аюултай юм билээ. Далайн давалгаанд олон мянган хүн сураггүй алга болсон. Барилга байгууламж, машин техникүүд сүйрээд овоорчихсон. Манайхаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажилласан. Бусад орны аврагчид цогцос илрүүлэхэд араас нь техник орж ирээд авдаг. Бид нар ч энд ажиллаж сурснаараа гараараа өргөөд л даалгавраа гүйцэтгээд явчихсан. Сүүлд Японы Засгийн газраас “Монголын аврагч нар санаачилгатай сайн ажилласан гэсэн тодорхойлолт ирж байсан. Үүний дагуу шударга журам медалиар шагнуулж байлаа” гэж дурсав.

Тэрбээр 2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд уулчид осолдоход эрэн хайх ажиллагаанд мөн л гар бие оролцжээ. Энэ талаараа “Уулынхаа баруун тал хадан цохиотой хэсгээр цасан нуранги үүсч уулчид осолдсон байсан. Ийм нурангинаас цогцос хайна гэдэг амаргүй. Нэлээд хайж л зарим нэгийнх нь гар хөл ил гарсан байсныг олсон. Нэгийг нь л илрүүлэхэд дараа дараагийн хүмүүсийн цогцос нь нэг дор байсан даа. Гурван метр орчим цас ухаж зарим хүмүүсийг гаргаж авсан” гэлээ.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Ж.БАЯРТОГТОХ

Баяртогтохын гэргий Т.Долгорсүрэн нийслэлийн 55 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг гэнэ. 2005 онд нэг гэрт орсон тэд өдгөө гурван хүүхэдтэй өнөр бүл болжээ.

“Аврагчид гэдэг шаардлагатай үед эх орныхоо төлөө амиа өгөх тангараг өргөсөн улс. Ханийгаа аврах ажиллагаанд явахад нь цай сүүний дээжээ өргөж, сайныг ерөөгөөд залбираад л үлдэнэ. Ард олны аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй ханиараа бахархах сэтгэлд төрнө шүү дээ. Төр засаг ч ажил хөдөлмөрийг нь үнэллээ. Ажил дээрээ аврах ажиллагааны бэлтгэл явуулж байхад нь л Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон мэдээг дуулгасан гэсэн. Манайхан ч сонсчихоод хөл газар хүрэхгүй л хөөрцгөөсөн” хэмээн гэргий нь ярилаа.

Эдний том охин долдугаар ангид сурдаг гэнэ. Хичээлийн бус цагаар номноос салдаггүй энэ охин онцгойгийн алба хаагчдын урлагийн наадам болоход очиж аавынхаа хамт олонд багшилдаг гэнэ лээ. “Шавь” нар ч урлагийн наадамдаа түрүүлсэн талаар аав нь онцлов. Дунд охин нь тавдугаар ангид суралцдаг ажээ. Харин аврагчийн гэрийн “атмаан” нь Мөнхболд гэж хоёр настай хүү. Цэцэрлэгт алба хашдаг тэрбээр аавынхаа өврөөс салах дургүй юм билээ.

Ж.Баяртогтох “Гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулаад байж чадахгүй юм. Гэрээ орхиод бүтэн сараар ч аврах ажиллагаанд явах тохиолдол бий. Тэр цагт гэр бүлийн хүн минь ард бат зогсдог. Өдий зэрэгтэй явахад ханийн минь түшиг их” хэмээн ярив.

Тэрбээр гавьяатын тэмдгээ сервантныхаа зүүн дээд буланд залжээ. Доохно талд улаан хавтастай сайшаалын үнэмлэхүүдийг ярайтал өрчихөж. Сонирхож үзвэл бүгд л төрийн тэргүүний гарын үсэгтэй үнэ цэнэтэй, нэр хүнтэй шагналууд аж.

2008 онд тухайн үеийн шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүний амь насыг үерийн аюулаас аварсан гавьяаг нь үнэлж “Цэргийн хүндэт медалиар” шагнасан нь ажиллах урам зоригийг илүү хурцалж өгсөн байна. Хүнийг хийж бүтээж буй насанд нь байгуулсан гавьяаг нь үнэлж урамшуулахад цааш бүтээх урам зоригийг нь хурцалж өгдөг хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг. Энэ жишгээр л хийж бүтээсэн ажилдаа урамшиж өнөөдрийн зэрэгт хүрсэн байна. Эдний гэрийг чимэх өөр нэг зүйл нь хананд өлгөөстэй гоёмсог медалиуд. Хүүхдийн урлан бүтээх төвөөс авсан медалиас авахуулаад Энхийн төлөө, Шударга журам, Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэл өлгөөстэй харагдсан. Тэрбээр хананд авиралтын спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлжээ. Улсын аварга шалгаргуулах тэмцээнээс алт, хүрэл медаль зүүж байсан байна. Баяртогтох хөгжимд сонирхолтой нэгэн ажээ. Тэр дундаа гитар хөгжмөөр ямар ч аяыг тоглочихдог гэнэ. Цэнхэр гитар ханандаа өлгөчихөж. Түүний өөр нэг сонирхол нь монгол бөх гэнэ. Тангарагийн баярын барилдаанд зодоглож их шөвөгт шалгарч байсан зургаа угаалгаад хадчихсан нь сонирхол татсан юм. Моринд хорхойгүй монгол хүн гэж хаа байхав. Хажууханд нь морины хусуур, ташуурыг цэвэрхэн сийлээд өлгөчихсөн нь ч нүдэнд содон туслаа.

АЙДАСТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АВРАХ АЖИЛЛАГАА

Ж.Баяртогтох онцгойн бор ногоон дүрэмт хувцас өмсөөд 15 жилийг үджээ. Энэ хугацаанд олон ч аврах ажиллагаанд оролцож, ард иргэдийнхээ амгалангийн төлөө байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч давах даалгавар авч гүйцэтгэж байсан гэнэ.

“Авсан даалгавар бүр амар биш. 2009 онд юм даа. ГовьАлтайн Тайширын цахилгаан станцад осолдсон иргэнийг аврахаар шумбалт хийхдээ айдастай байсан шүү. Тас харанхуй 44 метрийн гүн рүү ганцаараа л орсон доо. Осолд орсон иргэнийг станцын шүүрэн дээрээс аваад эргэхэд сэнс нь наалдчихсан. Ядахад цоорхой хувцсаар ус ороод даараад хүндрэлтэй байж билээ. Сүүлд бодоход айдас төрдөг юм” гэв. Сэлэнгэд сураггүй болсон ээж, хүүг хайх ажиллагаанд тэрбээр мөн л үүрэг гүйцэтгэжээ.

“Намар оройхон гүйцэтгэсэн ажиллагаа. Сэлэнгэ мөрөн захаасаа хөлдөөд эхэлчихсэн үе. Аврагчид эрэн хайх ажиллагааг Оросын хил гартал хайж байлаа. Хүйтэнд завиар явна гэдэг амар биш. Мөс мөргөвөл завь хөмөрчих гээд л эрсдэлтэй. Аврагчид ийм л орчинд эрэн хайх ажиллагааг явуулдаг. Өнөө цагт аврагчдын хүнд ажиллагааг ойлгож хөдөлмөрийг нь зах зухаас нь үнэлж байгаа нь сайн хэрэг” гэж дурдсан.

Тэрбээр гавьяатын цайллагаа энэ сарын 22,23–ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Эхний өдөр ажлынхан, дараагийн өдөр нь нь ах дүү нарынхаа хүрээнд хийх юм байна. Энгийн хэрнээ байгуулсан гавьяа нь эгэлгүй гавьяат залуугийнд зочлоход ийм байна.