А.Ундраа 2019.02.26 | News.mn

Дэлхийн боловсролтой гишүүн

Дэлхийн боловсролтой гишүүн

"NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаад Агваанлувсангийн Ундрааг танилцуулж байна.


Энэ парламентын шинэхэн улстөрчдийн нэг болох А.Ундраа 2016 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн 67 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс сонгогдсон.  УИХ-ын гишүүн А.Ундраа 29 насандаа цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан, АНУ-ын Ливерморийн Үндэсний Хүрээлэнд судлаач, Станфордын их сургуульд профессороор ажиллаж явсан дэлхийн хэмжээний эрдэмтэн эмэгтэй.  Мөн тэрбээр Монголын хамгийн залуу магиструудын нэг. Анх 6 настай сургуульд орж, 16-тайдаа их сургуульд элсч, 18-тай ээж болж, 21-тэй их сургуулиа төгсч, 22-той магистраа хамгаалж, 23-тай Итали руу сургуульд явж, 24-тэй дахин магистр хамгаалж, 29 настайдаа АНУ-д доктороо хамгаалж байжээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа нь Физикийн шинжлэх ухааны докторын зэрэг Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужийн Их сургуульд хамгаалсан, мөн Итали улсын Триэстэ хотын Онолын физикийн олон улсын төвийн дипломын зэргийг эзэмшсэн. Өөрийн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Лаурэнс Ливермор үндэсний лабораторид судалгаа явуулж, Стэнфордын Их сургуулийн Олон улсын бодлого судлалын хөтөлбөрийн үеэр эрчим хүчний бодлогын чиглэлээр багшилж байв. Тэрбээр одоогоор Стэнфордын Их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн гишүүнчлэлтэй.

Олон улсын сэтгүүл, хуралд уригдсан илтгэл нийт 60 гаруй бүтээл хэвлүүлсэн нь олон улсад бүтээлч эрдэмтэн гэж тооцогдож байв. АНУ-ын Станфордын их сургуульд олон улсын бодлого судлалын чиглэлээр багшилж, эрчим хүчний бодлого судлал, тэр дундаа цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэглэлийг хязгаарлах бодлогын судалгаа хийж байсан. Эх орондоо ирсний дараа бодлого судлал гэхээсээ илүү бодлого боловсруулах чиглэлээр түлхүүтэй ажиллажээ.

ФИЗИКЧ, СУДЛААЧ ХҮН ЯАГААД УЛС ТӨРД ОРОВ

АНУ-д олон жил ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд Ардчилсан намыг сонгож болох байсан ч тэрбээр үзэл бодлоо дагаж МАН-ын гишүүн болсон гэдэг.

Улс төрийн амьдралд хөл тавихаасаа өмнө МАН-ын дэргэдэх судалгааны байгууллагын захирлаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр эх орондоо ирээд Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Ундраа нь Азийн 21 удирдагчдын нэгээр нэрлэгдсэнээс гадна “Монгол дахь АНУ-д төгсөгчдийн холбоо”-ны хүндэт тэргүүн, “Эмэгтэй Захирлуудын Нийгэмлэг”-ийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, тэргүүн юм. Өдгөө УИХ-дахь Нийгмийн Бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Аюулгүй Байдал, Гадаад бодлогын байнгын хороонд тус тус харьяалагдан ажиллаж байна. Мөн Монгол-Италийн парламентын бүлгийн дарга, Монгол-АНУ-ын парламентын бүлгийн орлогч даргын албыг тус тус хашиж байна.

А.Ундраа гишүүн чуулганы танхимд тэр бүр үг хэлээд байдаггүй ч ярихаа ирвэл асуудлын голыг олоод хэлчихдэг буурьтай улс төрч. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох үеэр Л.Оюун-Эрдэнийн боловсролд итгэхгүй байгаагаа хэлсэн нь дэлхийн боловсролтой хүний  амнаас гарах л үгийн нэг.

Яг үнэндээ одоогийн парламентчидаас түүний боловсрол, мэдлэгтэй зэрэгцэх улстөрч тун цөөхөн. Гэвч тэр үүгээрээ попордоггүй, онгирдоггүй даруухан нэгэн. Эрдэмтэй хүн даруу гэдгийн нэгэн илрэл нь энэ биз ээ.  Гэхдээ улс төрд орж ирэхээсээ өмнө "Монголд цөмийн зэвсэг булшлах" ажлыг гардан зохион байгуулагч хэмээн цоллуулдаг байсан ч худал мэдээлэл учраас тэгсгээд намжсан. Өөрөөр парламентын гишүүн болсон өнгөрсөн гурван жилийн хугацаанд А.Ундаа гишүүн “ангийнхаа” нөхдүүд шиг элдэв хэл аманд өртөөгүй учир түүнд хамаатуулах сөрөг мэдээлэл одоохондоо алга.

Тэрбээр АНУ-ын Стэнфордын Их сургуульд бодлого судлалаар багшилж байсан хүний хувьд боловсролын бодлого чиглэлд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Тухайлбал, “Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр НББСШУ-ын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганд бэлтгэх ажлын хэсэг”-т орж ажилласан. Нэр бүхий гишүүдтэйгээ хамтран санаачилсан хуулийн төсөл болох Баяжуулсан хүнсний тухай хууль  батлагдсан нь манай улсад анх удаагаа хүнс баяжуулах эрх зүйн орчныг бий болгосон гэсэн үг юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1989 онд Монгол улсын их сургуулийн дэргэдэх Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар анги
  • 1994 онд Монгол улсын их сургуулийг физикч мэргэжлээр, бакалавр
  • 1995 онд МУИС-ийг Физикийн ухааны магистр
  • 1997 онд Италийн Триест хотын Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан
  • 2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1998 онд Монгол улсын их сургуулийн Онолын физикийн тэнхимд багш
  • 2002-2004 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний хүрээлэнд судлаач
  • 2008-2010 онд АНУ-ын Станфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв, Станфордын их сургуулийн Олон улс бодлого судлалын тэнхимд багш
  • 2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2010-2011 онд Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
  • 2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх
  • 2014-2016 онд Монгол ардын намын дэргэдэх Стратеги академийн захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Итали