Энхболд.Н Нямдорж.Ц Цогтбаатар.Д 2019.02.28 | Vip76.mn

Монгол-Беларусь Улсын иргэд, ААН-үүд эрх зүйн туслалцаа харилцан авах боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Гэрээг соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэс бүрдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн ажиллагаа, тухайлбал, нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргийг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хуулийн байгууллагууд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болно.

Гэрээ соёрхон батлах тухай хууль нь 1 зүйл, гэрээ нь 22 зүйлээс бүрджээ.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

“Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулсан.”

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын худалдааны эргэлт нэмэгдсэн, иргэд хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын байдлаар олон тооны иргэд харилцан зорчих болсон.

Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шаардлага гарахад тус харилцааг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй байх шаардлага үүссэн байна.

Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г Улсын Их Хурлаар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болно.

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай

Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх юм.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай

Тус гэрээгээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой болох юм.

Гэмт этгээд шилжүүлэх тухай

Тус гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулсан бол 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

"Улс орнуудын хуулийн байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог бөгөөд үүнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын хоёр талт болон олон талт гэрээ нь эрх зүйн үндэслэл болдог. Иймээс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулсан."