С.Амарсайхан 2019.02.28 | Монголын мэдээ сонин

“Итгэл өвөрлөгч”

“Итгэл өвөрлөгч”
Монголын мэдээ сонин, Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч) 

Хот “эзэнтэй” болов. Удтал хүлээлгэсэн шийдвэрийг НИТХ-аас өнгөрөгч мягмар гарагт гаргаж, С.Амарсайханыг олонхийн саналаар Хотын даргад дэмжлээ. Магадгүй энэ цаг үед нүдээ олсон шийдвэр ч байж мэднэ. Олон жилийн түүхтэй ч  хөгжлөө хүлээж, мөрөөдөл нь хэтийдэж, ажил нь овоорсон нийслэлд ажил хийх эрмэлзэлтэй залуу удирдагч үгүйлэгдэж байсан нь худлаа биш. Энэ мөчид залуу боловсон хүчин С.Амарсайхан ажлыг хүлээж авсан нь талархах зүйл мөн үү гэвэл мөн. С.Амарсайхан нийслэлчүүдийн “итгэл”-ийг өвөртөллөө.

Бидэнд амлалтаасаа дутсан хүсэл эсвэл мөрөөдлөөсөө давсан хийрхэл огт хэрэггүй. Зөвхөн Улаанбаатар хот өнгө засч, түгжрэл,  утаа хоёр алга болох нь нэн тэргүүний хийх ёстой ажил. Нийслэлчүүд “шүдний өвчин”-өөсөө салчихвал төлөвлөлт, хөгжил аяндаа ирнэ. Энэ нь амласан аз жаргал нь байх биз. Түүнээс уриа лоозон, урлагийн тоглолт, шөнийн гудамж, сүр дуулиантай хөшөөний нээлт огт хэрэггүй юм шүү. Иргэддээ “хайр зарласан” нялуун үг ч хэрэггүй. Ганцхан хотынхоо, иргэдийнхээ төлөө зүтгэдэг шинэ зүтгүүрийг нийслэлчүүд хүсч байна. Та тэр шалгуурт тэнцэх ёстой шүү, С.Амарсайхан дарга аа.

Таны эзэмшсэн боловсрол, эрхэлсэн ажил чинь гологдохгүй. Улс төрд эзэлсэн байр суурь ч чамлахгүй. Гагцхүү хөгжил илэрхийлсэн шийдэл, төлөвлөгөө, ажил, биелэлт, үр дүнгээр гологдох вий гэдгээ ямагт санаж ажиллах л чухал юм. Хотын даргын тамга түүний халаасанд орсон энэ цаг мөчид нялуун үг, магтаал хоёрт хангалттай дарагдаж байгаа. Харин аз жаргалтай, амар амгалан ажиллаж,  амьдрахыг хүсч буй нийслэлчүүдийн зүгээс гашуун үг, гомдлын үгс, шүүмжлэл ирэх л байх. Тэр бүхэнд хүлээцтэй хандаж, авах гээхийн ухаанаар ажлаа хийнэ гэж итгэе. Иргэдийнхээ хүсэл мөрөөдлийг унтраадаг бус ундраадаг хотын удирдагч байгаарай.