Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванера-г хүлээн авч уулзлаа
2019.03.04

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванера-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванера-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл-өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим  жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг онцоллоо. Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан талаар дурдав.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжид АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм.

Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 04 дүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн. Үүний дүнд, эхний ээлжинд ЕСБХБ-наас санхүүжүүлэгдэх 2 эгнээ авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголын хөгжлийн банкнаас түр гаргуулж, ЕСБХБ-тай Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдмагц Монголын хөгжлийн банкинд эргүүлэн төлөх байдлаар шийдвэрлэх гарц байгааг уулзалтын үеэр ЕСБХБ-нд хэлэв. Монголын талын энэхүү нөхөн санхүүжилтийн хэлбэрээр шийдэх саналыг ажлаа эрт эхлүүлэх боломж хэмээн үзэж нааштайгаар хүлээн авч байгаагаа ЕСБХБ-ны зүгээс илэрхийлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа тул төслийг нэн даруй эхлүүлэхэд бүхий л талаар хичээж хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Монголын талаас ч шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч, холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргуулахад анхаарч ажиллахаа мэдэгдээд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагаа, дэмжлэг чухал болохыг онцоллоо.