С.Мөнхчулуун 2019.03.04 | medee.mn

С.Мөнхчулуун: С.Амарсайхан Хотыг удирдах чадваргүй. Ашгийн төлөө ажилладаг компанийн захирал

С.Мөнхчулуун: С.Амарсайхан Хотыг удирдах чадваргүй. Ашгийн төлөө ажилладаг компанийн захирал
Medee.mn, сэтгүүлч Т.Хулан
Д.АМАРБАЯСГАЛАН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ДАРАМТАЛЖ САНАЛ ӨГҮҮЛСЭН

Нэг сая дөрвөн зуун мянган хүн амтай Улаанбаатар хотыг хэн удирдах вэ гэх асуулт сүүлийн хоёр сар олон нийтийн анхаарлыг татав. 1.6 жилийн хугацаанд ажиллах дарга Улаанбаатарыг хачин сайхан болгочихно гэсэн төсөөлөл үгүй ч сайн менежментийн эхлэлийг тавьж, зөв ажлыг эхлүүлээсэй гэсэн хүлээлт нийслэлчүүдэд бий. Угаас С.Батболдыг Хотын даргаас чөлөөлөхөөс эхлэн С.Амарсайханыг томилох хүртэл МАН хэрхэн талцаж, эрх мэдлийн төлөө яаж зодолдсоныг бид харсан. Хотын даргын албан тушаалыг өгсөн, авсан нь бүхэлдээ явуургүй улс төр байсныг бид мэднэ.

Өнөөдрийн манай ярилцлагын зочин Хотын даргад нэрээ дэвшүүлж ялалт байгуулсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг аваагүй мөн хоёр дахиа өрсөлдөөд ялагдал хүлээсэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун. Эхний хуралдаанаар ялалт байгуулсан тэрбээр дахин өрсөлдөөд ялагдсан шалтгаан юу байв, өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор Хотын даргын төлөөх өрсөлдөөн хэр байсан, цаашид хэрхэхээр төлөвлөж буй зэрэг асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Та Хотын даргын албан тушаалаас атгаад алдлаа. Эхний хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад сонгогдсон ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг дэмжээгүй. Хоёр дахь удаагаа өрсөлдсөн ч ялагдлаа. Ер нь өнгөрсөн хоёр сард таныг тойрсон бүхий л үйл явдлыг өнөөдөр хэрхэн дүгнэж байх юм?

-Намын хүрээнд ардчилалгүй байна. Манай засаг, төрийн удирдлагууд хуулийн засаглал тогтоож, шударга ажиллана гэдэг ч хэрэгжүүлэхгүй байгааг харуулсан үйл явдал боллоо гэж бодож сууна. Ярьсан зүйлээ хэрэгжүүлээгүй учраас би хуулиар олгогдсон эрхээ эдэлж Хотын даргын өрсөлдөөнд нэрээ дэвшүүлсэн. Болохгүй, бүтэхгүй зүйлийг өөрчилье, удаашралтай ажлуудыг түргэн, шуурхай шийдвэрлэхэд гар бие оролцож ажиллахаар нэр дэвшсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллага ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ 1990 оны Ардчилсан хувьсгалаар бидэнд олгогдсон эрх. Манай улс өнөөдрийг хүртэл нам төвтэй байсан. Төрийн дээр нам гарч болохгүй гэх бодлоор би нэрээ дэвшүүлсэн ч Хотын даргыг сонгоход нам дийллээ.

image-Эхний удаад танд ялагдсан С.Амарсайхан ялалт байгуулж Хотын даргаар сонгогдлоо. С.Амарсайхан ялагдчихаад өөртөө итгэлтэйгээр дахин тантай өрсөлдсөн цаад учир шалтгаан юу юм бол?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Хотын дарга дөрвөн шалгуурыг хангах ёстой. Тус дөрвөн шалгуурыг хангаагүй бол намайг батламжлахгүй байж болно. Гэтэл би бүх шалгуурыг хангасан. Надад хуулийн зөрчил, дутагдал байгаагүй ч буцаасан. Нэг сарын дотор төлөөлөгчдийн үзэл бодол, сонголт өөрчлөгдөхгүй. Өмнө нь 24 төлөөлөгч андуураад надад саналаа өгсөн юм биш шүү дээ. Тэгэхээр МАН-ын удирдлагууд нэг сарын хугацаанд төлөөлөгчидтэй уулзаж ажил, албан тушаалын асуудлыг нь ярьсан гэсэн үг. Шууд хэлэхэд дарамталж санал өгүүлэх ажлыг явуулсан. Энэ ажлаа хийхийн тулд хугацаа их авсан. Ерөнхий сайд, УИХ-ын дарга дээр төлөөлөгчдийг нэг, нэгээр нь дуудаж уулзсан. Хотын даргыг сонгох санал хураалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тооллогын комисст ажиллаж төлөөлөгчдийг С.Амарсайханд санал өгсөн эсэхийг хянасан. Саналаа өгөөгүй төлөөлөгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлнө, дахин нэр дэвшүүлэхгүй гэж дарамталсан. Хотын даргыг сонгох хуралдааны үеэр тооллогын комисст Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан таван төлөөлөгч орохоор зүтгэснийг та бүхэн мэдэж байгаа. Удаан маргалдсаны эцэст Д.Амарбаясгалангаар ахлуулсан гурван төлөөлөгч тооллогын комисст орж санал өгөх үйл явцад хяналт тавьж ажилласан. Төлөөлөгчид саналын хуудсыг хайрцаганд хийх үедээ хэнд санал өгснөө Д.Амарбаясгаланд харуулсан.

-С.Амарсайханыг Хотын даргаар сонгосон хуралдаан хууль зөрчвөл шийдвэр нь шүүхэд очно шүү гэж Э.Бат-Үүл төлөөлөгч ярьж байсан. Тэр хуралдаан процессын хувьд хууль зөрчсөн үү?

-Уг хуралдаан анхнаасаа намын шийдвэрийн дагуу хуралдсан. Намын бүлгийн шийдвэрээр Д.Амарбаясгалангаар ахлуулсан таван хүнийг тооллогын комисст оруулахаар хүч түрсэн. Намын бүлгийн санал тооллогын комиссыг байгуулахад нөлөөлөх ёсгүй. Төлөөлөгчид заалнаас нэрээ дэвшүүлж тооллогын комиссоо байгуулах ёстой. Хурлын дундуур МАН-ын бүлэг хэд, хэдэн удаа дуртай үедээ завсарлага авсан. АН-ын бүлгээс завсарлага авахыг хүсэхэд завсарлагын хугацааг нь богиносгож байсан. МАН-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө тооллогын комисст ажиллаж санал өгөх үйл явцыг хянасан. Улмаар төлөөлөгчдийг дарамталж санал өгүүлсэн нь сонгох, сонгогдох эрхэнд халдаж буй үйлдэл юм. Гэхдээ бид тус үйлдлийг нь шууд нотолж чадахгүй учраас шүүх дээр маргаан үүсгэхэд хэцүү юм.

-С.Амарсайханыг Хотын даргаар ажиллахад хэр тохиромжтой гэж харж байна?

-45 төлөөлөгчтэй НИТХ-ыг удирдаж, зангидаж, гольдрилд нь оруулж чадаагүй. НИТХ-ын Тэргүүлэгчид долоо хоногт нэг удаа хуралддаг байсан. Гэтэл энэ хурлыг хуулийн хүрээнд явуулаагүй. Компани удирдаж буй мэтээр ажилладаг. С.Амарсайхан ашгийн төлөө ажилладаг компанийн захирал. Ашгийн төлөөх байгууллагыг удирдах боломжтой. Түүнээс том хот, төрийн байгууллагыг удирдах чадваргүй. Ажил, албан тушаалд хүрэхийн тулд юу ч хамаагүй ярьдаг. Нэгэн удаа “НИТХ-ын төлөөлөгчид арав, хориороо авлига аваад АТГ-т шалгагдаж байна” гэж ярьсан. Ингэж ярьсных нь дараа төлөөлөгчид энэ талаар шаардлага хүргүүлж асуухад “Би тэгэж хэлээгүй” гэсэн. Бодлого сөрж НИТХ-ын даргад нэр дэвшихдээ “Намын бодлого цөөн хүний бодол байж болохгүй. Өмчлөөд авсан барилга, өргөөд авсан хүүхэд биш” гэсэн утга бүхий зүйл ярьсан. Гэтэл өнөөдөр хэлснээсээ эсрэг үйлдэл гаргаж байна. Ярьсанаасаа эсрэг ажилладаг хүнийг Хотыг сайн удирдана гэж итгэхгүй байна. Хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нар хоёулаа НИТХ-д хоёр удаа сонгогдсон төлөөлөгч. Гэвч энэ хоёр хүн төрийн захиргааны ажил хийж байгаагүй, төрийн ажлын хангалттай туршлагагүй хүмүүс. Иймд иргэдийнхээ дуу хоолойг хүргэж, ажилд нь ташуур өгч ажиллана гэж бодож байгаа.

-Таньд дээрх хүмүүсийн адил ямар нэгэн хувийн бизнес бий юу?

- Төрийн албанд 10 жил ажиллаж буй учир өөрөө эрхэлдэг хувийн бизнесгүй. Гэр бүлийн хүн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, мөн түүний нэр дээр хамгаалалтын ХХК-ын хувь байдаг.

-Та МАН-ын гишүүнчлэлээ хасуулсан. Мөн албан ёсоор намын бүлгээсээ гарсан. Гэхдээ албан бусаар НИТХ дэх Ц.Сандуйгийн фракцдаа байгаа гэж харагдаж байгаа?

-Өмнө нь би ярьсан. Би аль нэг фракцад харьяалагддаггүй. НИТХ-ын төлөөлөгчдийн зарим нь зарчимд үндэслэн өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг зарим нь ажил, албан тушаалдаа уягдан санал өгдөг. Мөн эд хөрөнгөөр наймаалдаг төлөөлөгчид ч байна. Миний хувьд зарчимд тулгуурлаж ажилладаг төлөөлөгчдийн нэг. Намайг “М.Энхболдын хүн” гэж ярьсан. Би М.Энхболд даргатай биечилж уулзаж үзээгүй ч НИТХ-ын сонгуульд нэр дэвшихэд татгалзаагүй. Нэр дэвшсэн бүх хүнийг дэмжсэн гэсэн үг. Нийслэлийн нэр дэвшилтэд оролцоод “Энэ хүнийг дэмжинэ, дэмжихгүй” гэж ярьсан удаагүй. Гэтэл өнөөдрийн МАН-ын дарга сонгуульд шударгаар өрсөлдөөд ялалт байгуулсан хүнийг Засаг даргаар батламжлаагүй нь гишүүдээ ялгаварласан гэж ойлгогдож байна. Ер нь МАН албан ёсны фракцгүй шүү дээ.

image

У.ХҮРЭЛСҮХ С.АМАРСАЙХАНЫГ ДЭМЖСЭН ГЭЖ БИ ХАРАХГҮЙ БАЙГАА. С.АМАРСАЙХАН, Д.АМАРБАЯСГАЛАН НАР “ХОТЫГ АВНА” ГЭЖ ТОХИРСНЫХОО ДАГУУ Л АЖИЛЛАЛАА

-Танай нам фракцтай шүү дээ. Фракцид хуваагдаж хоорондоо дайтаад байгаа биз дээ. Хэрвээ та У.Хүрэлсүхийг дэмждэг бол өнөөдөр Хотын даргаар ажиллах байсан шүү дээ?

-У.Хүрэлсүх өөрийг нь дэмждэг хүнээ Хотын даргад дэмжсэн гэхээс илүүтэй анхнаасаа тохирсон тохироо явагдсан. У.Хүрэлсүх С.Амарсайханыг дэмжсэн гэж би хараагүй. С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар “Хотыг авна” гэж тохирсныхоо дагуу л ажилласан. С.Амарсайханы ах нь Ардчилсан намынх, худ нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Уул, уурхайн олон компанитай, Туул голын эрэг дагуу барилга барьдаг. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Хотын даргаар зүтгүүлсэн нь ашиг сонирхол нэгтэй гэсэн үг. МАН-д албан бус фракц бий. “У.Хүрэлсүхийн фракц” эсвэл “Хотын фракц” гэж хүмүүсийн дунд яригддаг ч албан ёсны фракцгүй. Намайг Хотын фракцийнх гэж ярьсан. Гэтэл би Ц.Сандуйтай төлөөлөгчийн хувиар нэг ангид ажиллаж байна. Харин М.Энхболд даргатай Ерөнхийлөгчийн сонгууль болон баяр, ёслолын арга хэмжээнд таарч гар бариад өнгөрсөн. Х.Бадамжунайтай би таарч байсангүй. Тиймээс надад “Хотын фракцынх” гэх нэр хоч битгий зүүлгээсэй гэж хүсч байна.

МАН-ЫГ ЗӨВ ГОЛЬДРИЛД НЬ ОРУУЛСНЫ ДАРАА НАМДАА ОРНО

-Та намын гишүүнчлэлээ сэргээх үү. Бие даагчийн хувиар Монголд холын улс төр хийхэд хэцүү?

-Миний өвөө 1940 онд МАН-д гишүүнээр элссэн. Аав минь 1984 онд тус намд гишүүнээр элссэн. Би 1998 оноос хойш 21 жил МАН-ын гишүүн байлаа. Миний амьдрал МАН-тай салшгүй холбоотой. Гэхдээ би өнөөдрийн удирдлагуудын үед МАН-д буцаж орохгүй. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл нам юм. Би энэ хүмүүстэй үзэл, бодол таарахгүй байна. Шударга, ардчилсан ёсыг уландаа гишгэж байна. Шударга ёсны төлөө үг дуугарсан хүн бүрийг хэлмэгдүүлж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг хийж буй хүмүүстэй нэг туган дор ажиллах боломжгүй. Энэ намыг цэвэрлэхийн төлөө гаднаас нь дуугарна. Энэ намыг зөв гольдрилд нь оруулсны дараа орно.

-Одоо Хотын фракцынхан чимээгүй суухгүй нь тодорхой байх. Тийм үү ?

-Ц.Сандуй дарга саяын хуралд үг хэлээгүй. Надад саналаа өгсөн үгүйг нь мэдэхгүй. МАН-ын 35 төлөөлөгчийн ихэнх нь надад саналаа өгнө гэж хэлсэн. Дэмжиж буйгаа илэрхийлээд шахалт, дарамттай ч чамд саналаа өгнө гэсэн. АН-ын 11 төлөөлөгч “Ардчиллын зарчмыг уландаа гишгэж болохгүй” гэж ярьж байсан. Гэхдээ 11 төлөөлөгч бүгд надад саналаа өгснийг мэдэхгүй шүү дээ. Хүн бүр өөрийн үзэл, бодолтой. Ц.Сандуй зөв зүйл хийвэл би дэмжинэ. Муу нэртэй хүнийг дэмжихгүй гэж болохгүй биз дээ. Тэр хүн зөв зүйл яривал дэмжих ёстой. МАН, АН гэж хуваагддаг ч сая Э.Бат-Үүл дарга намайг дэмжсэн. Ардчиллын суурь зарчмыг үнэгүйдүүлж байна гэж тэр хүн шүүмжилсэн. Ц.Сандуй дарга ямар үйлдэл хийхээр төлөвлөж байгааг би мэдэхгүй. Хэрвээ зөв зүйл хийвэл дэмжинэ шүү дээ. Монгол улсын төлөө л байх ёстой. Нам нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх байгууллага. Тэгэхээр нийгмийн тулгамдсан асуудлыг зөв шийдэхийн төлөө явж буй хүмүүстэй нэгдэнэ. Мэдээж ганцаараа яваад хүчин мөхөстөнө.

-Ярилцсанд баярлалаа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА