О.Баасанхүү 2019.03.05 | medee.mn

О.Баасанхүү: Хятадууд өрөндөө "Эрдэнэт" үйлдвэрийн 10-20 хувийг авч мэдэхээр байна

О.Баасанхүү: Хятадууд өрөндөө "Эрдэнэт" үйлдвэрийн 10-20 хувийг авч мэдэхээр байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан баримтуудыг ил болгосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН СТАНДАРТ БАНКИНД ТӨЛӨХ ӨРИЙН ӨДРИЙН ХҮҮ 120 САЯ ДОЛЛАР

Тэрбээр “Би Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь уулзаж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ярилцаж байсан. Одоо яригдаж буй асуудлаар 2018 оны хоёрдугаар сард АТГ, Улсын ерөнхий прокурорт мэдээлэл өгсөн. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу 30.2.1.1 заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдээд АТГ, цагдаагийн хамтарсан бүрэлдэхүүн шалгалт явуулсан.

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүх мэдээллийн 60-70 хувийг өгсөн. 100 хувийн мэдээллийг өгөх ёстой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол банкнаас зуу, зуугаар зээл өгсөн. Нууцын зэрэгтэй учраас үнийн дүнг хэлж чадахгүй байна. Тус мөнгөний 20 орчим хувь нь Худалдаа хөгжлийн банк руу 80 орчим хувь өөр аж, ахуй нэгж, сүбьект рүү очсон. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой. Өчигдөр “Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих” ёстой гэж ярьсан. Сольж болно. Гэхдээ солино гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай. Уг нь хууль, хяналтын байгууллагын одоогийн дарга нараар ажлыг нь хийлгүүлж 49 хувийн булхайг илрүүлээд Монгол улс өмчөө авах ёстой. Энэ нөхдүүд тус ажлыг хийж чадахгүй гэвэл Ерөнхийлөгч болон ЖДҮХС-д хамааралгүй хүнийг томилмоор байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг гурван жил ярьсан ч шийдсэнгүй. Одоо уг асуудлыг нэг талдаа хурдан шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж.

ХЯТАДЫН ТАЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 10-20 ХУВИЙГ АВАХААР БЭЛТГЭЖ БАЙНА

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Манай талаас хэлэлцээрт орох сүбьект нь өрийн тоолуурыг зогсоож, төлбөрийг багасгаж, өрийг хэн төлөх вэ гэдгийг тодорхой болгоно. 51 хувьтай шүүхийн шийдвэрийг яаравчлах хэрэгтэй байна. Тэгвэл бид хэдээр хохирсноо мэдэх боломж үүснэ. Энэ хүрээнд нөхдүүдэд хөрөнгө байна уу гэдэг асуудлыг ярина. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь 450 сая доллар бол 51 хувь нь 500 орчим сая доллар болно гэсэн үг. Хятадууд биднээс авах 150 сая доллараа хувьцаа хэлбэр рүү шилжүүлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 10-20 хувь нь Хятадад шилжих боломж бүрдээд байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол өрийн тоолуур эргээд л байна. Шуурхай хэлэлцээрт яаралтай орохгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 10-20 хувийг алдаж мэднэ. Хятадын тал хоёр дахь гомдлоо гаргах гэж байна. Тэр гомдол нь өрөө мөнгөөр биш хувьцаагаар авъя гэдэг хэлбэр байж болохоор байна” гэлээ.

Тэрбээр мөн Жи тайм сүлжээнд нэгдэж мөнгөө залилуулсан иргэдийн хохирлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөхийг Улсын Ерөнхий прокуророос хүсч байгаа аж. Тус сүлжээнд Эрдэнэтийн 700 гаруй иргэн орж эд хөрөнгөөрөө хохирчээ.