Амарсайхан.С 2019.03.05 | Montsame.mn

Нийслэлийн Засаг дарга иргэдтэй шууд холбогдох утсыг ажиллуулахаа мэдэгдлээ

Нийслэлийн Засаг дарга иргэдтэй шууд холбогдох утсыг ажиллуулахаа мэдэгдлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр анх удаагаа болж буй нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд нийслэлийн төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилтан, албан тушаалтан оролцлоо.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудад хандан эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Тэрбээр, “Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил түвшинд үйлчилдэг байх нь чухал юм” гэдгийг онцлов. “Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Баталсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй албан тушаалыг баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байхыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогдож байх утсыг хотын даргын хувьд өөрөө ажиллуулах болсон”-оо мэдэгдлээ.

Нийслэлийн шинэ Засаг дарга төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажлыг эрчимжүүлэхийн тулд иргэдтэй шууд холбогддог утсыг өөрөө ажиллуулах болсноо мэдэгдлээ.



Эцэст нь, “Улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдэлээр ажил цалгардуулахыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргаж хайхрамж алдан ажиллавал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. Нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир аливаа ажилд туйлшралгүй хандаж цалгардуулалгүй хамтран ажилцгаая” хэмээн уриалж, урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор  нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллахыг үүрэг болголоо.

Зөвлөгөөнд оролцсон НИТХ-ын дарга Р.Дагва  төрийн албан байгууллагуудын удирдлагуудад хандан хэлэхдээ, “Хотын хөгжлийн төлөөх стратеги, тактикийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдөр бидний өмнө үүсээд буй олон асуудлын гол шалтгаан нь ажилгүйдэл юм. Нийслэл хотын хувьд үүнийг бууруулах санхүүгийн хувьд тогтвортой бөгөөд улсын төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан бодлоготой болох, хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг суурь өөрчлөлтийг шат дараатай хийх шаардлагатай байна” гэлээ.