Ө.Энхтүвшин 2019.03.06 | Gogo.mn

Ө.Энхтүвшин: Компаниас талийгаачдын ар гэрт тус бүр 50 сая төгрөг, байр өгнө гэсэн

Ө.Энхтүвшин: Компаниас талийгаачдын ар гэрт тус бүр 50 сая төгрөг, байр өгнө гэсэн

Шадар сайд Ө.Энхтүвшин Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Эко алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд гарсан ослын нөхцөл байдалтай танилцаад иржээ.

Ослын шалтгаан, нөхцөлийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа талаар тэрбээр мэдээллээ.

Аврагч нар хувцас их муутайн байна лээ. Цоорсон, тэрийг нь нөхсөн, удаан хугацаагаар усанд ажиллах боломжгүй

Нөхцөл байдлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Найман аврагч усчин 30 орчим удаа шумбалт хийсэн. Техникийн хувьд хангалттай. Хүн хүч нэмэх шаардлагагүй. Зохион байгуулалт сайн. Хайх, аврах тактик зөв байсан. Аврагч нар хувцас их муутайн байна лээ. Цоорсон, тэрийг нь нөхсөн, удаан хугацаагаар усанд ажиллах боломжгүй. Аврагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Ар гэрийнхэн нь хэрхэн ажиллаж байгааг мэдэж байгаа ч цогцсыг нь авмаар байна гэж байгаа учраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна” гэлээ.

Уурхайн ойролцоо усан сан байгуулсан нь эрсдэл дагуулсан байж болзошгүй талаар нэмж хэллээ. Түүнээс гадна уг уурхай өвөл ажиллаж байсан талаар ч Ө.Энхтүвшин онцолсон. 

Нөхөн олговрын тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар Ө.Энхтүвшин "Компанийн удирдлагуудтай уулзсан. Эхний ээлжинд талийгаачдын ар гэрт тус бүр 50 сая төгрөг олгохоор болсон гэдгээ танилцуулсан. Мөн тус бүрд нь хоёр өрөө байр өгнө хэмээн танилцуулж байсан. Төр хариуцах зүйл ч бий. Тэжээгчээ алдсаны мөнгө гэх мэтчилэн олгоно. Гэхдээ энэ бол хэдэн төгрөг, байрны асуудал биш. Хүний амь нас гэдэг нөхөж баршгүй хохирол, эмгэнэлийн дэргэд бага асуудал. Цаашдаа ч тусалж, дэмжих ёстой” гэлээ.

Хүний амь нас гэдэг нөхөж баршгүй хохирол, эмгэнэлийн дэргэд бага асуудал. Цаашдаа ч тусалж, дэмжих ёстой

Мөн тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хавар болж байгаа учраас уул уурхайн зуу гаруй компани ажилдаа гарсан тул эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай шалгалт хийхийг даалгасан талаар мэдээллээ.

Өмнө нь сэрэмжлүүлэг өгсөн ч осол гарсан тул шаардлага хангахгүй байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох үүргийг мөн өгчээ.

Ослын газар дээр тус компанийн хувьцаа эзэмшигчид байсан. Харин ерөнхий захирал нь Төмөрцэцэг гэж хүн байдаг боловч бие нь муу учраас ирээгүй, ар гэрийнхэн, төрсөн ах нь, гүйцэтгэх захирлын орлогч нар ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм.

Ослын шалтгаан юу байсан талаарх эцсийн дүгнэлт өнөөдөр тодорхой болохоор хариуцлагын асуудлыг ярина гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёрдугаар сард үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайд сануулга өгсөн байна.