Тэрбишдагва.Д Нармандах.М 2019.03.07 | Vip76.mn

Монголын хүнсчид 90 жилийн ойгоо угтан, амжилттай ажиллаж байна

Монголын хүнсчид 90 жилийн ойгоо угтан, амжилттай ажиллаж байна

Өнөөдөр Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны анхны хурал боллоо. Тус холбоо улирал бүр удирдах зөвлөлөө хуралдуулж салбарын асуудал болон холбооны гишүүн компаниудын үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашдын ажлаа төлөвлөдөг байна.

Монголын хүнсчдийн холбоо нь 330 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн 90 жилийн түүхтэй Монголын хамгийн том, ууган төрийн бус байгууллага юм. 2020 онд тус холбооны 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоо угтсан олон ажлууд хийхээр төлөвлөжээ. “Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулах, хүнсний аж үйлдвэрийн ажилтнуудын спорт, урлагийн наадам болон ур чадварын уралдаан зохион байгуулах юм байна.

МХХ-ны УЗ-ийн хурал

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд салбарын эрх зүйг сайжруулах, төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын дэргэд “Аж үйлдвэрлэлийн бодлогын зөвлөл” байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж салбарын бодлогыг сайжруулах ажилд санаачилгатайгаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн,     МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва

“Монголын хүнсчдийн холбоо нь маш том байгууллага бөгөөд гишүүдийн цар хүрээс жилээс жилд нэмэгдэж байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа манай улсын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хүчээр, орчин үеийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбарын нэг юм. Төрөөс маш бага дэмжлэг авдаг. Аливаа зээл тусламжинд хамрагддаггүй. Яг өөрийн мэдлэг, менежментээр хүнд нөхцөлд хөл дээрээ босч ирээд дэлхийн хэмжээний технологийг нэвтрүүлж ард түмнээ аюулгүй сайн хүнсээр хангаж байна.”

Цаашид төрийн ажлыг төрийн бус байгууллагуудаар хийлгэх бодлого баримталж байгаа. Тиймээс салбарын мэргэжлийн холбоодоор дамжуулан салбарын үйл ажиллагаа, гишүүд, техник, шинжлэх ухааны гол хүмүүс холбоонд байдаг учраас төрийн үйл ажиллагаа хүрэлцэхгүй, хүнд суртал үүсгэдэг зөвшөөрөл олгох гэх мэт дээр мэргэжлийн холбоодыг ажиллуулах нь зүйтэй юм.  Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч ч үүн дээр санал нэг байгаа юм.

МХХ-ны УЗ-ийн хурал

Тус холбоо нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа өнөөдрийн удирдха зөвлөлийн хуралд хүндэт зочноор оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээ хийгээд Монголын хүнсчдийн холбоо болон гишүүн компани, байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

МХХ-ны УЗ-ийн хурал

 

НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа

“НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь даян дэлхийн улс орнууд өлсгөлөнгүй, эрүүл хүнсээр хангадах, түүний төлөө тухайн улс орнуудын засгийн газартай хамтран ажилладаг. Хэдий тийм ч Засгийн газрын үйл ажиллагааны цаана хувийн хэвшил ажиллаж, хөгжлийг улс орондоо авч ирж байдаг учраас өнөөдөр энд Монголын хүнсний салбарын томоохон төлөөллүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна.”

Европын холбооны санхүүжилтээр, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн бүрэлдэхүүн хэсэг болсон “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” буюу SECIM төслийг Монголын хүнсчдийн холбоотой хамтран сүүний үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг түшиглэн хэрэгжүүлэх гэж байна.

“Монголын хүнсчдийн холбоонд мах, сүүний чиглэлийн гол үйлдвэрлэгчид харьяалагдаж байна. Тэдний дэд бүтэц дээр тулгуурлан салбарын дунд болон урт хугацааны бодлогыг боловсруулж Үндэсний хөтөлбөрийн баримт бичигтэй болоход бид хамтран ажиллах юм. Үүний тулд үндэсний хэмжээний салбарын судалгаа хийгээд бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэлт, дэд бүтэц, хүрэлцээ хангамжийг тодорхой болгож шийдэл гаргана. Сүүний үйлдвэрлэлийн хувьд хамгийн том 5 үйлдвэрлэгч Улаанбаатар хотод байна. Эдгээр нь малчдын гараас буюу нийслэлээс 250-300 км-ын радиус дунд сүүнийхээ түүхий эдийг татан авч байна. Харин энэ төсөл хэрэгжснээр 300-600 км-ын радиуст байгаа малчдын гараас сүүг эрүүл, аюулгүй нөхцөлд хүлээн авах бөгөөд сайн туршлагыг бий болгож өгөх юм. Ингэснээр Сүүний зах зээлийг дотоодын үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр хангах боломж улам нэмэгдэх юм.”

SECIM төслийн Сүүний зөвлөх Б.Мөнхжаргал: 

Монгол Улс 66 сая толгой малтай. Жилдээ 900 сая литр сүүг малаас авдаг гэсэн тооцоо бий.  Гэвч үүнийхээ 8 хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байна.

SECIM төсөл хэрэгжснээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчидэд хүрэхээс гадна малчид ашиг орлогоо нэмэгдүүлэх, энэ дундаас малчин үйлдвэрлэгч хоорондын хүйтэн хэлхээг бий болгож өгөх юм. 2018 онд энэхүү төслийг Сүү ХХК, Витафит групптай амжилттай хамтран хэрэгжүүлжээ.

МХХ-ны УЗ-ийн хурал

МХХ-ны УЗ-ийн хурал

Монголын хүнсчдийн холбооны 2019 оны анхны удирдах зөвлөлийн хурал Витафит группын байранд ажил хэрэгч, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн уур амьсгалтай болж өнгөрлөө. Тэд энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ярилцахаас гадна  Витафит группын хүнсний үйлдвэртэй танилцсан бөгөөд Сүүний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд бидон гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.  

МХХ-ны УЗ-ийн гишүүд, төлөөлөгчид Витафит группын хүнсний үйлдвэртэй танилцав