Н.Учрал 2019.03.11 | Vip76.mn

Үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийн тусламжтайгаар хууль батлах үйл явцад цахим системийг нэвтрүүлнэ

Хууль тогтоомжийн хуулийн дагуу хууль боловсруулах үе шатыг өргөжүүлсэнтэй холбогдуулж цахим системийг нэвтрүүлж хуульд ард иргэд, мэргэжлийн холбоод, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын саналыг тусгах нь нэн чухал.

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын зүгээс ч гэсэн хууль тогтоомжинд саналаа өгөх, шинэ санаачлага гаргах сонирхол ихэд байдаг ч арга замаа төдийлөн олж чаддаггүй.

Үүнийг шинээр томилогдсон УИХ-ын дарга мэдэрч хууль боловсруулах, сурталчлахад цахим системийг нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулж Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учралыг ажлын хэсгийн ахлагчаар томилсон.

Дэд ажлын хэсгийг мэргэжлийн багаар бүрдүүлж legal.info, laws.mn зэрэг вэб хуудсуудыг иргэдэд хүртээмжтэй болгох хийгээд хуулийн төсөлд санал авах шинэ шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэх болно.

Орчин үеийн Парламентат дэг жаягийг бий болгох, мэтгэлцээний зарчмыг удирдлага болгох асуудлаар дэгийн хуульд өөрчлөлт оруулах гэх мэт шилдэг шийдлүүдийг эрэлхийлж буй энэ цаг үед үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийн тусламжтайгаар хууль боловсруулах, хэлэлцүүлэх, сурталчлахад цахим системийг нэвтрүүлэх нь туйлын ач холбогдолтой юм.