Б.Баттөмөр 2019.03.12 | Өдрийн сонин

Б.Баттөмөр: Тавин сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нэг хувийн татвар төлнө

Б.Баттөмөр: Тавин сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нэг хувийн татвар төлнө
Өдрийн сонин, Сэтгүүлч М.Мөнхцэцэг

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад татварын багц хуулийн шинэчлэл багтаж байгаа билээ. Уг хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Татварын багц хуулинд шинээр ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Татвар төлөгч татварын албанд тушаасан татварын тайлангаа өөрөө засах эрхтэй болж байна.Урьд нь ийм боломж байгаагүй.Татвар бол төрийн оршин тогтнох үндэс гэдэг утгаар татварын давуу эрхийн зарчим шинээр үйлчилнэ.Өнөөдөр бүх өрийг төлүүлж дууссаны дараа татварын өрийг барагдуулж байна.Татварын үндсэн ажлуудын нэг нь мэдээ,мэдээлэл харилцан солилцох ажил байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолын дагуу татварын зорилгоор мэдээлэл солилцох олон улсын форумд элсэн орсноор бусад оронтой мэдээлэл солилцох сайн боломж бидэнд олдсон.Энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг үндсэний хууль тогтоомждоо тусгах үүргийг бид хүлээсэн. Одоогийн үйлчилж буй хуулийн зохицуулалтаар татвар хураах ажилд бодитой эрсдэл учирдаг.Олон улсын туршлагаар Эрсдэлтэй татварыг урьдчилж хураадаг,эрх зүйн зохицуулалт орж ирж байна.Төлөх татвараа төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлсэн бол шилжүүлж авсан этгээдээс татварын өрийг төлүүлдэг харилцаанд шилжинэ. Эдгээр өөрчлөлт,шинэчлэл нь бид бодоод олчихсон шинэ зүйл биш.Эдгээр нь олон улсын татварын харилцаанд байдаг хэм хэмжээнүүд гэж ойлгох хэрэгтэй.

Улс, орон оршин тогтнохын үндэс нь татвар гэдэгтэй бүгд санал нэгддэг.Татвар гэдэг бол хувь хүн,хуулийн этгээд,төрөөс тогтоосон хувь хэмжээгээр,тогтоосон хугацаанд улс орны хэрэгцээнд зориулан өгч буй хөрөнгийг хэлдэг. Одоогоос олон зуун жилийн өмнө Адам Смиттийн тодорхойлсон татварын эдийн засгийн зарчим нь өнөөг хүртэл агуулгаа алдаагүй байна.

Энэ зарчимууд нь нэгдүгээрт, татвар нь тэгш шударга байх. Хоёрдугаарт, бодитой байх. Гуравдугаарт, төлөгдөх боломжтой байх. Дөрөвдүгээрт, үр ашигтай байх гэж тодорхойлсон.Манай татварын багц хуулийн концепци энэ дөрвөн зарчимтай нийцэж боловсруулагдсан. Татварын бодлого бол улс эх орны хөгжлийн бодлоготой уялдаж байдаг гэдэг утгаараа хөгжлийн бодлогын нэг хэсэг гэж үзэж болно. Татвар нь улсын төсвийг бүрдүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах, дахин хуваарилалтын, хяналтын гэсэн дөрвөн үүргийг гүйцэтгэдэг.

-Та татварын бодлого нь хөгжлийн бодлогын нэг хэсэг гэлээ. Тэгэхээр татварын багц хуулийн шинэчилсэн найруулга улсын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дэлхийн бүх улс,орон хөгжлийн бодлоготой.Сүүлийн үед хөгжиж буй орнууд НҮБ-аас 2015 онд баталсан “Эх дэлхийгээ шинэчилье уриатай” 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-тэй уялдуулж хөгжлийн бодлогодоо өөрчлөлт оруулж байна. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" баримт бичгийг 2016 онд УИХ баталсан. Энэ баримт бичигт хөгжлийн маш том зорилтуудыг дэвшүүлсэн. 2030 оны түвшинд манай эдийн засгийн өсөлт 6.6 хувьд тогтворжиж, нэг хүнд ногдох ҮНО-ыг 17500 ам.долларт хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий 70 орны нэг болно. Монгол хүний дундаж наслалтыг 78 хүргэж, бүх төрлийн ядуурлыг устгах зорилт дэвшүүлсэн.Мөн орлогын тэгш бус хуваарилалтыг 6.5 оноогоор эх, нялхасын эндэгдлийг 50 хувиар тус тус бууруулж, жилд хоёр сая жуулчин авдаг болж, цахилгаан эрчим хүчээр иргэдээ 100 хувь,гол нэрийн шатахууны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь тус тус хангах зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэх, улс орноо хөгжүүлэхэд хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй нь ойлгомжтой боловч татварын зөв бодлого явуулж улс орны сан хөмрөг, хуримтлалыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Татварын хуулиудын шинэчлэл нь хөгжлийн шинэ зорилтот хөтөлбөр рүү чиглэж байна.

-Таны хэлж буй тоонууд биелэх боломжтой юу?

-Боломжтой гэж тооцож УИХ тогтоол гаргасан байх.Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр.хөгжлийн загвар, гарцаа зөв тодорхойлж, татварын хуулиудын үйлчлэлийг хөгжлийн төлөө хийж чадвал боломж байна. Хөгжихийн тулд төрд мөнгө хэрэгтэй.Тэр мөнгөний дийлэнхийг татварын аргаар бий болгоно.Татвар нь эдийн засгийг зохицуулж, төрийн мөнгөний нэгдсэн санг бий болгох, сонгомол хэлбэрийг өөртөө агуулдаг.

-Татварын багц хуулийн бодлого, концепцийг дэлгэрүүлэхгүй юу?

-Татварын багц хуулийн шинэчлэлийн концепци бол жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, жижиг татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжиж, өсгөж бойжуулах, хувь хүний орлого, нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг дэмжих гэж ойлгож болно. Аливаа хөгжлийн үндэс суурь нь хүний хөгжил байдаг.Одоогийн татварын багц хууль нь 2007 онд батлагдаж,2008 оноос эхэлж мөрдөж эхэлсэн.Энэ хууль нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж, халаагаа өгч байна. Өнөөдөр Монгол Улсын төсвийн зарлага нь орлогоосоо өндөр байгаа нь татварын хуультай холбогдож болох боловч төсвийн төлөвлөлтөө зөв хийж өсөлт бий болох салбарт бодлогын дэмжлэг үзүүлж, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхтэй тэмцэх тэмцлийг хүчтэй болгох, хуулиар тогтоосон татварыг заавал төлдөг эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага байна.

-Татвараас зайлсхийхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон шинэ ажил хийхээр хуулинд оруулж байгаа гэл үү?

-Туршлагаас харахад үндэстэн дамнасан кор-порациуд, том компаниуд татвараас зайлсхийх зорилгоор төрөл бүрийн арга замыг эрэлхийлдэг. Зарим компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа оффшор бүсэд цаасан дээр компани байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагааг явуулж байгаа нь манай улсын татварын суурь, орлогыг багасгаж байна. Монгол Улс хууль ёсны дагуу авах татвараа авдаг байх, татварын бааз сууриа хамгаалах зайлшгүй шаардалгаар холбогдох зохицуулалтуудыг оруулж өгч байгаа.

-Нийтлэг стандарт, зохицуулалтуудаас яривал...

-Татвар төлөгчдийн тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчдөд туслах, алдаагаа засах боломжийг тэдэнд олгож байгаа. Үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчилж байна. Өнөөдрийг хүртэл манай улс татварын хуулиндаа үнэ шилжилтийг сайн тусгаж өгөөгүйгээс их хэмжээний татвар төвлөрүүлэх боломж алдаж ирсэн нь үнэн.Манайд ажиллаж байгаа том компаниуд харилцан хамааралтай этгээдүүдтэй гүйлгээ хийхдээ, бодит бус үнэ хэрэглэх замаар зардлаа өсгөж, төлөх татварын хэмжээг бууруулж ирсэн.Энэ асуудлыг зохицуулах зорилгоор тусгайлсан тайлан авах, бусад улстай мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж байгаа. Татварын хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийнэ. Энэ нь шударга татвар төлөгчдөд ашигтай. Нөгөө талдаа татварын албаны мэдээлэл авах эрх зүйн зохицуулалтыг сайжруулж байгаа. Мөн татварын өр төлөх, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах, татварын өр хураах ажиллагааны гүйцэтгэх эрх мэдлийг өөрчлөх, татварын маргаан таслах зөвлөлийн үе шатыг бууруулах, татварын хяналт шалгалтаар тавигдсан актыг давж заалдах, гомдол гаргах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байгаа.

-Газар, ашигт малтмалын лиценз борлуулсны орлогоос 30 хувийн татвар авч байсныг 10 хувь болгоно гэж төсөлд тусгажээ. Татварын орлого их хэмжээгээр алдах юм биш үү?

-Одоогийн хуулиар 30 хувь байгаа нь хэтэрхий өндөр байна гэж татвар төлөгчид, судлаачид үздэг.Хуулийн энэ заалтаар төсөвт орж буй татвар маш бага байгаа тул авах татварын хэмжээг бууруулах замаар суурийг өргөтгөх тооцоог Сангийн яам хийж орууж ирсэнийг ажлын хэсэг дээр яриад явж байна.Их хурлаар хэлэлцэх явцад гишүүд энэ асуудал дээр нухацтай ярих байх аа.

-Арилжааны банкууд гадаад,дотоодын эх үүсвэрээс татсан зээл, хүүгийн орлого болон хувьцааны ногдол ашгийн орлогод таван хувиар татвар ногдуулна гэсэн заалт орж байгаа юм билээ. Энэ асуудал шүүмж дагуулж байна л даа?

-2017 оны тайлангийн тооцоогоор энэ өөрчлөлт, төсвийн орлого 17 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байгаа. Гэхдээ хуульд ийм заалт оруулсан нь зээлийн хүүг бууруулах зорилго хамт явж байгаа гэдгийг хэлье.

-Манай татварын ачаалал бусад орнуудтай харьцуулахад ямар байна вэ?

-Татварын ачааллыг ДНБ-д эзлэх татварын орлогын хувиар хэмждэг.Манай татварын ачаалал уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай.Сүүлийн жилүүдэд 20 орчим хувь байгаа нь өндөр үзүүлэлт биш боловч бас бага биш ачаалалтайд орно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дундаж 34 хувь байгаа бол Европын зарим орнуудын түвшингээс манайх бага байна. Энэ нь хөгжиж буй орнуудын түвшинд байна гэсэн үг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлт ямар түвшинд байдаг юм бол?

-Хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт, чөлөөлт 2016 онд татварын орлогын 18.3 хувьд хүрч байсан бол 2017 онд 12.7 хувь болж буурсан.Цаашдаа тууштай бууруулах арга хэмжээг авах ёстой.

-Хялбаршуулсан татварын горимд шилжихээр Аж ахуйн нэгжүүд жижигрэх эрсдэл бий болох юм биш үү?

-Хялбаршуулсан татварын горим нь 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг тайлан тушааж, нэг хувийн татвар төлнө. Жилд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж нь 10 хувиар төлөх боловч төлсөн татварын 90 хувийг буцааж авах тул адилхан нэг хувийн татвар төлөгч байна. Иймээс хялбаршуулсан татварыг ашиглах зорилгоор компани жижгэрэхгүй гэж тооцож байгаа.

-Нэгэнт төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах тул, хуульдаа адилхан нэг хувь гээд заагаад өгвөл хаана, хаанаа амар баймаар?

-Ази, Номхон далайн бүс нутгийн татварын байгууллагууд хамтарч байгуулсан Сгайтер гэж байгууллага бий. Энэ байгууллага болон олон улсын байгууллагууд Монголын татварын албаны өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг өндрөөр үнэлдэг. Арван хувийн татварыг халж,бүгд нэг хувийн татвартай болбол өнөөг хүртэл хөгжиж ирсэн бүртгэл, тайлагнал, хяналт шалгалт, сахилга, хариуцлага гээд олон асуудал хүрсэн түвшингээсээ ухрах болно.Бүгд нэг хувийн татвар төлдөг болчихвол хэн ч татвараа үнэн зөв гаргаж тайлагнах, төлөх шаардлагагүй болчихно. Мөн тайлан, бүртгэлийг үнэн зөв хөтлөөгүйгээс хүлээх хариуцлага бага болно. Ингэснээр сахилга бат алдагдаж, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд томрох, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжгүй болно. Иймд тайлангаа тушааж, холбогдох татвараа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх нь зүйтэй гэж үзсэн. Урт хугацааны бодлогыг харгалзан эдийн засгийн боломж сайжрах үед 90 хувийн буцаан олголтыг 80,70 гэх мэтээр бууруулах хувилбарыг хадгалан үлдэх нь зүйтэй гэж үзэж байгаа.Эдийн засаг, нийгмийн тодорхой секторыг татварын хөнгөлөлтийг буцаан олгох байдлаар дэмжих нь олон улсын практик болсон асуудал.

-Ингэхэд хөрөнгө оруулалт, IPO-оос татвар авах уу?

-Санхүүгийн зах зээлийн хөгжилд Хөрөнгө оруулалт, IPO хийх нь өндөр ач холбогдолтой. Хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй гаргасан хувьцааг худалдан авсан этгээдэд шилжүүлсэн ногдол ашгийн орлогыг 10 хувиас таван хувь болгож хоёр дахин бууруулсан. Мөн хөрөнгийн биржээс бонд гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох татварыг хоёр дахин бууруулж, таван хувийн татвар ногдуулах юм. IPO-оос татвар авахгүй.

-Татварын хувь хэмжээг бууруулах олон арга хэмжээ авах юм байна. Жишиг татвар, 90 хувийг буцааж авна гээд тооцохоор төсвийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө гарахгүй юу?

-Тийм ээ. Зөв зүйтэй асуулт байна. Жижиг татвар төлөгчдөд үзүүлж буй хөнгөлөлтийн орон зайг татварын бааз суурийг нэмэгдүүлж, татвараас зайлсхийж байгаа үзэгдэлтэй тэмцэх замаар нөхөх бодлого барина. Манай Сангийн яам, Татварын албанаас гаргасан нэг судалгаа байна.Бүртгэлийн байгууллагад байгаа бүртгэлээр татварын тайлан тушаах үүрэгтэй 160 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага байна.Үүнээс 2018 оны жилийн эцсийн тайланг татварын албанд 93899 аж ахуйн нэгж тушаажээ. Тушаасан аж ахуйн нэгжийн 39783 нь "Х" тайлан, 54116 нь ногдолтой тайлан тушаасан байна. Ногдолтой тайлан тушаасан 3159 аж ахуйн нэгж 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой байна. Энэ нь татварын тайлан гаргасан аж ахуйн нэгжүүдийн 3.4 хувь болж байгаа юм. Энэ 3.4 хувь нь манай аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 96.4 хувийг бүрдүүлж, үлдсэн 90740 аж ахуйн нэгж нь уг татварын 3.6 хувийг тус тус бүрдүүлсэн судалгаа байна.Энэ судалгаанаас харахад татварын хөнгөлт, төсвийн бүрдүүлтэд том хүндрэл учруулахгүй гэж үзэж байгаа.

-Хуулийн төсөлд "Х"тайлан гаргаж буй аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн татвар төлөх заалт явж байна. Яагаад ийм заалт оруулах болов?

-Компани байгуулах шалгуур багассантай холбогдуулан “Х” тайлан тушааж, татварын тооцоо хийдэггүй аж ахуйн нэгжүүд олширсон. Энэ нь бүртгэлийн баазад идэвхгүй татвар төлөгч олноор бий болж, татварын албаны хяналтын зардлыг нэмэгдүүлж байгаа юм. 2018 оны жилийн эцсийн тайлан тушаасан мэдээгээр “Х” тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 42.4 хувь болж өссөн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн тайланг хянах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт татварын алба өндөр зардал гаргадаг. Аж ахуйн нэгж байгуулж, гэрчилгээ, тамга эзэмшиж байгаагийн төлөө тогтмол татвар төлдөг жишиг дэлхийн олон улсад байдаг.Хэлэлцүүлгийн явцад энэ асуудал дахиж яригдана.

-Татварын маргаан таслах зөвлөл гомдол гаргахад барьцааны мөнгө байршуулахаар хуульчилж байгаа юм байна. Үүгээрээ Үндсэн хууль зөрчлөө гэж мэргэжилтнүүд үзэж байна лээ?

-Нэгэнт төлөх ёстой татварыг төлөөгүй гэдгийг эрх бүхий этгээд тогтоосон байхад татвар төлөгч,хугацаа хожих байдлаар маргаан таслах зөвлөл хуулийн байгууллагад хандаж,олон жил, сар сунжирдаг практик их байна. Татварын албанаас акт тавигдаж, маргаан таслах зөвлөл, шүүх дээр явж буй хэрэг олон байгаа. 1-2 жил,3-4 жил, найман жил шүүхээр явж, 11 удаа шүүхээр орж байгаа хэрэг ч байна.Олон жил, олон удаа шүүхээр явсаны эцэст татварын албаны талд шийдвэр нь гардаг. Энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй. Маргаан таслах зөвлөлд хандах эрх нь нээлттэй байгаа. Барьцааны мөнгө дундын дансанд байршина.