Дорнод аймгийн нийт нутгийн ердөө 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байна
2019.03.10

Дорнод аймгийн нийт нутгийн ердөө 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг  Дорнод аймаг болон Баян-Уул, Баяндун, Хэрлэн, Матад суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгсөн байна.

Дорнод аймгийн хувьд өнгөрсөн онд нийт 12 удаагийн хээрийн түймэр гарч, 460.7 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 1.8 тэрбум, түймрийг унтраахад 6.9 сая, нийт 1.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.

Он гарсаар нэг хээрийн түймэр гараад байгаа аж.

Нийт нутгийн 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байгаагаас үзэхэд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэл өндөртэй байна.

Тиймээс аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу аймгийн төвөөс гадагш гарах чиглэлийн замууд дээр тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, санамж, зааварчилгаа өгөх байнгын болон хөдөлгөөнт хяналт, шалгалтын таван цэгийг байгуулжээ.

Мөн 14 сумын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг, зааварчилгаа өгөх, сумдын Засаг дарга нартай “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ажиллах тухай гэрээ” байгуулах ажлыг  энэ сарын 20-аас эхлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг энэ үеэр танилцуулсан байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын онцгой комиссын 2019 оны хоёрдугаар сарын 20-ний өдрийн 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ