Л.Оюун-Эрдэнэ 2019.03.12 | Монголын мэдээ сонин

Засгийн “маарамба”

Засгийн “маарамба”

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад удаагүй ч төрийн ажлыг хөдөлгөөнд оруулж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн дуулианаар эхлүүлсэн ажлаа тэрбээр өөрчлөлт, шинэчлэлтээр үргэлжлүүлэхээр шийджээ. Дэргэдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, дэлхийд дээгүүрт орох их, дээд сургуулийг дүүргэсэн залуусаар багаа бүрдүүлсэн аж. Энэ талаар хэлэхдээ тэрбээр “Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.

Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстой” хэмээн тодорхойлсон юм. Түүний энэ шийдэлд баярлаж, горьдох хүн олон байна. Үнэхээр сайн цагийн салхи сэвэлзүүлж, төрийн ажилд бугшсан буртгийг арилган, хэлсэн үг нь хийсэн ажил болж чаддаг шинэ тогтолцоог авчрах нь хэмээн сайшаах хүн олон байхад сонгино сонин дээрээ гэдэгчлэн попорч байна гэж эргэлзэх хүн ч цөөнгүй бий. Засагт тархсан “худал”-ын өвчнийг эмчлэх маарамба нь түүнийг байх болов уу гэж олон хүн найдлага тавьж байна.

Түүний шинэчлэлийг хийх шинэ багийн бүрэлдэхүүнд Харвард, Оксцорд зэрэг дэлхийн алдартай сургуулиудын магистр, докторууд багтаж байгаа юм. Гадаад, дотоодод явж, юм үзэж нүд тайлсан, өндөр боловсролтой хүн чухал ч гэлээ төрийн ажилд боловсролоос гадна туршлага чухал гэдгийг мартаагүй биз ээ. Гадаадад төлөвшсөн залуус манай хөрсөнд нийцэх зөвлөгөө өгөхөд туршлагагүйтэхийг үгүйсгэх аргагүй. Бүх зүйлд эхлэл чухал шиг ямар ч шинэчлэлд суурь чухал. Аливаа зүйлийн тунг нь тааруулах эрдэм л сайн удирдагч, сайн манлайлагчийн гол арга байдгийг сануулахын хэрэггүй байх. Засгийн өвчнийг эмчлэхдээ “эм”-ийнхээ тунг нь л тааруулаарай гишүүн ээ.