С.Амарсайхан 2019.03.12 | News.mn

Хотын даргын сэтгэлийг хөдөлгөсөн ах дүү найм

Хотын даргын сэтгэлийг хөдөлгөсөн ах дүү найм

Зулай, зулайгаа даран мэндэлсэн ах дүү найм хотын даргын сэтгэлийг ихэд хөдөлгөж, хайрыг нь татсан гэнэ шүү. Ах дүү найм нийслэлийн шилдэг есөн эмэгтэйн нэгээр шалгарсан ээж Ө.Өрнөхбилэгтээ аав Д.Батдаваагийн хамтаар баяр хүргэхээр өнгөрсөн долоо хоногт “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээнд очжээ. Гар гараасаа хөтлөлцсөөр тайзан дээр гарч ирсэн тэднийг хараад хотын дарга С.Амарсайхан сэтгэл нь ихэд хөдөлж, “Бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээ бид хайрлаж, хамгаалж, хэрэгтэй цаг үед нь үргэлж дэргэд нь байх ёстой гэж би боддог. Би есөн хүүхэдтэй айлын найм дахь хүү нь, дээрээ зургаан ах,  нэг эгчтэй, дороо нэг эрэгтэй дүүтэй. Миний аав ээж хоёр Налайхын уурхайтай ажил амьдралаа холбосон жирийн уурхайчин гэр бүл. Ээж маань намайг таван ханатай гэртээ ганцаараа байхдаа төрүүлж, өөрөө боож авсан гэдэг. Төрөх хугацаа нь арай болоогүй байхад, аавыг ажилдаа явсан хойгуур намайг мэндэлчихсэн байсан болохоор аав, ээж надад Амарсайхан гэдэг нэр өгсөн гэдэг… Хүний амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдовч түүнийг хэрхэн давж болдог, амьдралд ямар нандин мөч тохиодгийг, бие биенээ хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг эрчүүд та бид цаг ямагт санаж, ойлгож явах ёстой” хэмээгээд нийт эрчүүдийнхээ нэрийн өмнөөс эмэгтэйчүүддээ талархал илэрхийлжээ.

Алдарт эх Ө.Өрнөхбилэг 37 настай, удахгүй ес дэх хүүхдээ төрүүлэхээр хүлээж байгаа аж.

Дээрх арга хэмжээний төгсгөлд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Д.Батдаваа, Ө.Өрнөхбилэг нарыг найман хүүхдийнх нь хамтаар урин уулзаж, халуун дулаан яриа өрнүүлжээ.