Л.Энхболд 2019.03.13 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Өмнөговийн иргэд Усны тухай хууль батлагдахыг хүсэн хүлээж байна

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаад байгаа энэ өдрүүдэд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын үйл ажиллагаа болон батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч аймаг орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ малчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.

Тэрээр өнгөрөгч долоо хоногт Баян-Овоо, Ханбогд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, аймаг сумын хэмжээнд улсын төсвөөр хийж хэрэгжүүлсэн, хийхээр батлагдаад буй ажлуудын талаар болон УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Тус сумдын иргэд хөдөлмөрчдийн зүгээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг эргэж харах, төмөр замын ажлыг эрчимжүүлэх, сумын эрүүл мэндийн төвүүдийн төсөв хүрэлцэхгүй эм тариа дутмаг, агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа, усны хомсдол гээд олон чухал асуудлыг хөндөхийн зэрэгцээ УИХ-ын гишүүнд хандаж, санаачлан өргөн барьсан Усны тухай хуулиа батлуулаарай хэмээн онцгойлон захисан.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулж эхлээд буй дэлхийн стандартад нийцсэн утаа шүүгч маскны үйлдвэр, Ханбогд суманд баригдсан шинэ сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймаг 2018 оныг уул уурхайг хариуцлагажуулахад онцгой анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлэн, уул уурхайн компаниудад тавьсан эхний шаардлага бол орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тухайн бүс нутгийн иргэдийн аж амьдралд үр өгөөжтэй, байгальд ээлтэй байх гээд ниймийн хариуцлагаа хүлээж ажиллахыг шаардаж байсан.

Тус ажлын хүрээнд 2019.03.11-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймаг, орон нутгийн дарга, төлөөллийн хамт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр 2018 онд орон нутагтай хийгдсэн гэрээний хэрэгжилттэй танилцаж, цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл солилцон, санал хүсэлтээ хэлжээ.