Н.Цэрэнбат 2019.03.14 | Яамны хэвлэл мэдээллийн алба

БОАЖ-ны сайд Н.Цэрэнбат “Аи Ти Би Берлин-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

БОАЖ-ны сайд Н.Цэрэнбат “Аи Ти Би Берлин-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд боллоо.

“ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог. Энэ жил 181 орны 10,000 гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160,000 гаруй хүнд танилцуулжээ. Үзэсгэлэнг таван өдрийн турш 113,500 хүн ирж, сонирхсон нь өмнөх жилийнхээс гурван хувиар өссөн байна.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчлах талбайн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр нараар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.

Аи Ти Би Берлин үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Торгоны замын сайд нарын 9 дэх удаагийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцож Торгоны замын аялал жуулчлалын оролцогч улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн. ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын санаачилга нь Ази, Европын соёлын харилцааны гүүр болж байсан эртний түүхт Торгоны замыг улс орон дамжсан аялал жуулчлалын  брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хуралд Камелион Стратежис компаний ерөнхий захирал Еэнс Трэнхарт Монгол Улсын шинээр хэрэгжүүлж байгаа цахим платформыг жишээ болгон танилцуулж, Торгоны замын аялал жуулчлалын оролцогч 34 улс орон хамтран нэгдсэн цахим платформыг бий болгохыг уриалсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан олон улсын аялал жуулчлалын шилдэг кино, хэвлэл, мульт медиа шалгаруулдаг 19 дэх удаагийн Golden City Gate уралдаанд Монгол Улсын Welcome to Mongolia дууны клип тэргүүн байрын шагналыг хүртлээ. Уг бүтээлийг үзэсгэлэнгийн 5 өдрийн турш олон нийтэд толилуулсан нь Монгол Улсын томоохон сурталчилгаа болж чадлаа. Мөн Монгол Улсын Булган аймагт байрлах Туур Монголиа компаний Гурван булаг эко жуулчны бааз 46 улсын 800 аж ахуйн нэгжүүдээс шилдэг 2 дугаар байранд  шалгарч “Аялал жуулчлалын байр сууцны тогтвортой хөгжлийн шагнал” хүртсэн байна.