Энх-Амгалан.Б 2019.03.15 | News.mn

Авто замын чанарыг сайжруулах шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ

Авто замын чанарыг сайжруулах шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ

Герман улсын эрдэмтдийн удирдлага дор ОХУ болон Монголын улсын инженерүүд хамтран PF64-46 Полимер битум буюу Super Pave технологийг Монгол улсад нэвтрүүлж эхэллээ. “Аашто” ХХК-ийн санаачлагаар авто замын чанарыг сайжруулах шинэ технологийн нээлтийг өчигдөр Баянгол дүүрэгт байрлах “AASHTO” үйлдвэрийн байранд хийжээ. Үйлдвэрийн нээлтэд Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

ОХУ, Казахстан зэрэг цаг агаарын хувьд манай улстай ижил улс орнуудад амжилттай туршигдсэн Super Pave технологийг нэвтрүүлснээр авто замын чанар сайжирч, насжилт хоёр дахин уртасна. Өөрөөр хэлбэл бороонд зам хагарах, халуунд хайлж хэвээ алдах зэрэг асуудал үүсэхгүй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

“Аашто” компани есөн жилийн турш судалгаа хийсний эцэст нэвтрүүлж буй энэхүү технологийг анх 1993 онд АНУ-д ашиглаж эхэлсэн байна. Өдгөө уг технологийг дэлхийн 100 гаруй орон авто замдаа ашиглаж байгаа аж.