Хүүхдийг мэдээллийн сөрөг нөлөөнөөс хамгаалах санамж бичиг байгууллаа
2019.03.15

Хүүхдийг мэдээллийн сөрөг нөлөөнөөс хамгаалах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, үйлдвэрлэл үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон.

Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт явуулж, МУ-ын Шадар сайд У.Энхтүвшин нээж үг хэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг “Хүүхэд-хэрэглэгч” үндсэн илтгэл тавьж, Хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, Хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, Мэдээллийн аюулгүй байдал, телевиз, цахим орчин дэх хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийллээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд адил тэгш оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, хамгааллын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангаж, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжилох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалан хамтран ажиллах юм.

Энэ жилийн “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өдөр нь нэг өдрийн арга хэмжээ биш гуравдугаар сарын эхний 14 хоногийн турш аян хэлбэрээр өрнөж, сурагч багш нарт зориулсан сургалт арга хэмжээг БСШУСЯ-ны харьяа байгууллагууд зохион байгууллаа. Мөн Боловсролын хүрээлэнгээс боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх байгууллагад суралцаж буй хүүхдүүдэд нас биений онцлогт тохируулан “хэрэглэгч” болохыг ойлгуулах хичээл орлоо.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжих зорилгоор Монголын Аж үйлдвэрийн зөвлөлтэй БСШУСЯ санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн агуулга нь хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн болон хоол хүнсийг чанартай үйлдвэрлэж, нийлүүлэхэд анхааран ажиллах юм.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сурталчилсан үзэсгэлэнг энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эх олон нийтэд толилууллаа.