Ж.Сандагсүрэн 2019.03.15 | ulsturch.mn

Ж.Сандагсүрэн: Гудамж гэрэлтүүлэхээс илүү хүүхдүүдийн оюунд гэрэл нэмэх НОМЫН САНТАЙ байхыг чухалчилъя

Ж.Сандагсүрэн: Гудамж гэрэлтүүлэхээс илүү хүүхдүүдийн оюунд гэрэл нэмэх НОМЫН САНТАЙ байхыг чухалчилъя

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа

-2019 онд танай дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлаас ярилцлагаа эхлэе...

Сонгинохайрхан дүүрэгт энэ онд өмнөх жилүүдийнхээс хоёр дахин их хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогын дагуу сургуулиудыг бүгдийг энэ онд багтааж хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлнэ. 11 сургуулийн өргөтгөл, шинэчлэл, 20 орчим цэцэрлэгийн барилгууд баригдана. Мөн соёлын ордон, жишиг эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгтэй болно. Эдгээр нь иргэдийн суурь хэрэгцээг хангахад зориулагдсан онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил юм.

-Танай дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг хэдэн сургууль байна вэ?

Хүүхдүүдийн биеийн хөгжил, онцлог, насны байдал зэргээс шалтгаалаад угаасаа хоёр ээлжээр хичээллэх ёстой. Гэтэл сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж тааруу учраас арга буюу гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгүүд хүүхдүүдийг бүрэн хамруулахын тулд ачааллаа нэмж байна. Манйа дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг таван сургууль байдаг. Шинээр сургууль цэцэрлэг барих нь байгаа асуудлаа шийдэх гарц л болохоос шинэ хөрөнгө оруулалт биш. Хүүхдүүд сурах ёстой. Төр тэр болоцлоог нь хангаж, бүрдүүлэх үүрэгтэй. Тулгамдсан асуудлаа шийдэж л байгаа болохоос энэ бүхэн хөгжлийн шийдэл биш. Ер нь бол гал унтраах л арга...соёлын ордон байх л ёстой. Ерөнхий сайд хэллээ шүү дээ. Хүүхдүүдийг соён гэгээрүүл гэж. Бид энэ асуудлыг олж харчихаад шийдэж байна. Соён гэгээрлийн асуудал үнэхээр чухал.

-Номын сантай болъё, төгсөх ангийн сурагчдийн ЭЕШ-ийн шалгалтыг амжилттай өгөхөд туслах гэх зэргээр боловсрол, хүмүүжлийн ажил бодлогоор анхаарч байгаа нь бас сайн хэрэг шүү. Ер нь танай дүүрэгт хүүхдийн боловсролын түвшин хэр байдаг вэ. Сургууль цэцэрлэгт хамрагдалт гээд бас асуудал ихтэй байдаг сан...?

Дүүргийн хэмжээнд 26 жил алдагдсан бодлогыг л сэргээж байна. Мэдээж хүн ажилтай, орлоготой байх нь чухал. Түүнээсээ илүү боловсрол, эрүүл мэндийн чиглэлд дүүргийн бодлого явж байгаа. Айл гэрээр жишээ татаж үзвэл тухайн өрхийн хүүхэд эрүүл саруул, чанартай боловсролтой байж гэмээ нь амьдрал илүү амттай, аз жаргалтай болдог юм байна. Хуучин бол тохижилт, бүтээн байгуулалтыг л дүүрэг хариуцна гэдэг байсныг бид өөрчилж байгаа юм. Хүүхдүүд төгсөөд сайн сургуульд орох, сайн төгсөгч болох тэр боломжийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Үр дүн нь хавар гарна.

-Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн номын сан нээгдлээ... Одоо цагт ном уншдаг иргэдийн тоо буурсан гэж хүмүүс ярих юм. Яагаад ийм бодлого хэрэгжүүлж байгаа нь сонирхол татаад байна?

Жижиг жижиг номын сангууд нээгдэж байна. Энэ бол оюуны хөрөнгө оруулалтыг дэмжсэн, иргэдийг мэдээлэлжүүлэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах, хүмүүсийг соён гэгээрүүлэх ажил юм. 150 сая төгрөгөөр гэрэлтүүлэг тавих уу, номын сан байгуулах уу гэдэг хоёр хувилбараас бид хамгийн үр дүнтэй, ирээдүй хувилбарыг нь сонгосон. Харанхуй гудамжийг гэрэлтүүлэх боломж хаана ч олдоно. Түүнээс өмнө иргэдийнхээ, хүүхдүүдийнхээ тархинд гэрэл асаах нь зөв. бид гудманд гэрэл асаах биш хүүхдүүд номтой, эрдэмтэй болбол гудамжинд гэрэл асаах, гэрэлтэй болгох шийдлийг тэд олж чадна. Зам тавих уу, багш нартаа ном авч өгөх үү гэвэл Сонгинохайрханчууд багш нараа чанаржуулахын тулд номыг нь сонгоно. Энэ бол бодлогын шийдэл.

-Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас гадна саяхан нээлтээ хийсэн жишиг номын сан нээгдлээ... Цаашдаа хичнээн номын сан шинээр байгуулагдах вэ?

Хүүхдүүд номын санг хичээл хийх, олдохгүй байгаа номоо эрж олдог, уншдаг газар гэж ойлгодог юм билээ. Номын сан бол одоо орчин үеийн хотын амьдралыг чимсэн нэг соёл болчихлоо. Гэртээ номын сантай айл энэ үед ховор байгаа даа. Дээр үед нэг айлд яваад ороход Лениний ботиуд, үлгэрүүд эгнэдэг байлаа. Бидний гол зорилго бол хүүхдүүдийг ном уншдаг, хорхойсдог болгоход туслах юм. Ном бол хураангуй дэлхий юм. Бүх мэдээлэл, хөгжил, ололт амжил зөвхөн номонд нуугдаж байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа хов жив, элдэв зүйл ярьж, эсвэл гар утсаараа тоглодог бус харин ном уншдаг, үлгэр ярьж өгдөг болгоё гэж зорьсон. Энэ нь хөгжөөд алдсаа хүүхэд бүр ном уншдаг болох сэдлийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийг соён гэгээрүүлэх гээд байгаа зүйл биш юм. Улс даяараа ном уншдаг болгох алсын хараатай бодлого шүү.

-Өглөөний гудамж гээд бас нэг шинэ орчин бий болголоо. Дотроо бас номын сантай байсан шүү?

Тийм. Зуны өглөө хүүхдүүд өглөөний гудамдаа цулаж тоглож, дасгалаа хийж, ном уншин оюунаа хөгжүүлж, цай, кофе ууж, хөнгөн зууш идэх ходоодоо баясгаг... Эрүүл, цэвэр агаарт өөрийнхөө байж, дүүргээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй иргэд танилцаж, төрийн үйлчилгээг нэг доороос цаг алдалгүй түргэн шуурхай авдаг байх боломжийг олгосон шийдэл юм.

-2019 оноос аймаг дүүргүүдэд төсвийн дарамт ирээд байна. Учир нь өмнө нь төрөөс даадаг байсан сургууль, цэцэрлэгийн засвар, халаалтын зардлыг дүүрэг даадаг болчихлоо... Орлого багатай дүүрэгт бол бас ачаа биз....?

Энэ бол нээх том ачаа биш. Төсвийг л шилжүүлчихэж байгаа хувилбар шүү. Өмнө нь яамнаас олгодог байсан. Түүнийгээ дүүрэг рүү шилжүүлчихсэн гэсэн үг