Н.Амарзаяа 2019.03.15 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

2016 оноос онцгой албан татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгджээ

2016 оноос онцгой албан татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгджээ

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Хуурамч, чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдаж байгаа талаар" асуулга тавьсан. Түүний асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ирүүлжээ.

Асуулгын хариуд:

1.Керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татвар тогтоох шаардлагатай эсэхийг тодорхойлох

Хариу:

“Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 100% импортоор хангадаг бөгөөд 2018 онд 1,87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос керосин 109,2 мянган тонн, хүнд фракцын нэгдэл 105,6 мянган тонн, хөнгөн нэрлэгийн фракц буюу нафта 18,2 мянган тонн, алкалит 26,9 мянган тонн, нийт 259,9 мянган тонн байгаа нь нийт импортолсон газрын тосны бүтээгдэхүүний 13,8 хувийг эзэлж байна.

Дэлхийн зах зээл дээх газрын тосны үнэ 2015 онд буурсантай холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компианаас нийлүүлэх автобензин, дизель түлшний импортын үнэ буурсан зах зээлийн таатай үед буюу 2015 оны 11 дүгээр сараас Засгийн газраас автобензин дизелийн түлшний онцгой албан татварыг Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар импортолж буй автобензин тонн тутамд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор импортолж буй автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн.

Онцгой албан татвар нэмэгдсэн үеэс буюу 2016 оноос эхлэн онцгой албан татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн. 2015 онд 16,2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4,3 мянган тонн, 2016 онд нийт 85,6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59,4 мянган тонн керосин, 12,6 тонн нафта тус тус импортолсон байна.

Эдгээр нефьт-химийн бүтээгдэхүүний импорт бодит хэрэгцээнээс хэдэн арав дахин илүү байгаа нь Онцгой албан татваргүй тухайн бүтээгдэхүүнийг хольж, найруулах замаар чанарын шаардлага хангахгүй шатахуун гарган авч зах зээлд нийлүүлж байна гэж үзэж байна. 

Иймд шатахууны онцгой албан татварыг чанар стандарттай уялдуулан тогтоох, чанарын шаардлага хангахгүй автобензин дизелийн түлш үйлдвэрлэх зориулалтаар импортолж буй үндсэн /онцгой албан татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүнд/ онцгой албан татвар ногдуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна.

Онцгой албан татварын хэмжээг газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, импортолж буй боомттой уялдуулан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 18/03-1 тогтоолоор холбогдох сайд нарт даалгасан.


2. Цаашид энэ төрлийн чанаргүй бензин үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулагч нартай хэрхэн ажиллах, хэрэглэгч нарын гомдлыг хэрхэн барагдуулах, ямар арга хэмжээ авах талаар,

Хариу: Монгол улсын ерөнхий сайдын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 201 дүгээр захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бөөний, жижиглэнгийн худалдааа эрхэлж байгаа ААН-үүдийн бүтээгдэхүүнд чанарын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан ба 2019 оны 3 сарын 4-ний өдөр анхдугаар хурлаа хийж холбогдох мэдээ мэдээлэл гаргаж  ирэхийг ажлын хэсэгт багтсан байгууллага, гишүүдэд даалгасан.

Чанарын шаардлага хангахгүй  автобензин дизелийн түлш үйлдвэрлэх зориулалтаар импортолж буй үндсэн /онцгой албан татваргүй нефьт-химийн бүтээгдэхүүнд/ онцгой албан татвар ногдуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзэж байна.


3. Дээрх бүтээгдэхүүнүүдийн хэтийн хэрэглээ, түүний тооцооллыг нарийвчлан гаргах, түүний хэрэглээнд хяналт тавих ямар боломж байгаа талаар

Хариу: Өнөөгийн байдлаар керосиныг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Ачит-Эхт ХХК, Эрдмин ХХК-иуд зэс уусган баяжуулах үйл ажиллагаанд бага хэмжээгээр ашигладаг. Харин бусад нефьт-химийн бүтээгдэхүүнийг тухайн зориулалтаар ашиглаж байгаа мэдээ байхгүй байна.

Асуулгын хариуг бүрэн эхээр нь ЭНД дарж танилцана уу