БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав
2019.03.18

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Энх-Амгалан Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж байгааг дурдаад, дэд бүтэц, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

 Уулзалтаар талууд хоёр улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын хооронд үйлдэх нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх асуудлаар албан ёсны яриа хэлэлцээг энэ оны 1 дүгээр сард амжилттай хийснийг онцлон тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд үйлдэж буй нислэгийн тийзний үнийг бууруулах чиглэлээр хоёр талаас анхаарч ажиллахаар тохиролцов.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсад ашиглагдаж буй бүх тээврийн хэрэгсэлд төлбөр хураах цахим системийг суурилуулах төслийг Солонгосын талтай хамтран хэрэгжүүлэх саналыг Монголын талаас дэвшүүлж, Солонгосын тал дэмжин, анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, Ази-Европын төмөр замын сүлжээнд холбогдох Солонгосын талын сонирхлыг Монгол Улсын далайд гарцтай болох, түүгээр дамжуулан уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэх сонирхолтой уялдуулан, хоёр тал төмөр замын тээврийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, энэ чиглэлээр албан ёсны уулзалт яриа хэлэлцээг хийхээр тохиров.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан далайд гарцгүй Монгол орны далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, Монголын далайчдыг сургах, бэлтгэхэд БНСУ-ын зүгээс онцгой анхаарч, үнэтэй хувь нэмэр оруулан, дэмжиж ажилладагт талархал илэрхийлж, Солонгосын талаас Монголын далайчдыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтаар хоёр улсын найрамдалт, найрсаг харилцааг эхлүүлж Тангаргын гэрээ байгуулсны 800 жилийн ой, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан салбарын хэмжээнд бүтээлч, бодит ажлуудыг хэрэгжүүлэхээр тохирч, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зам, тээврийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр бодит ажил хэрэг, яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.

Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хоёр улсын Тээврийн яам хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төмөр зам, далайн тээвэр, авто тээвэр, агаарын тээврийн салбаруудад олон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо. Монгол Улсын Их хурал, БНСУ-ын Үндэсний Ассамблэй хооронд байгуулсан “Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай” Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг эхлүүлэх саналтай байгаагаа хэлээд, талууд хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гар нийлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.