Сандагсүрэн.Ж 2019.03.18 | Үндэсний Шуудан

Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэгт төр бодлогын алдаа гаргасан. Энэ алдаагаа одоо засах хэрэгтэй

Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэгт төр бодлогын алдаа гаргасан. Энэ алдаагаа одоо засах хэрэгтэй

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа

-Яг үнэндээ Улаанбаатар хотын өмнө үүсээд байгаа бүх  хүндрэл бэрхшээлийн ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг гэвэл хэтрүүлсэн болохгүй. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг гээд ярихаар харьцангуй бэрхшээл багатай байх ёстой. Иргэдийнх нь амьжиргааны төвшинг дүүрэг дүүргээр нь харьцуулаад үзсэн ч тэр адилхан. иймд ирээдүйн гэдгээс хоёулаа яриагаа эхлэе. Дүүргийн засаг даргаас ингэж асуух нь хэт дорд үзсэн мэт хандлага байж  болох ч бодит байдлыг үгүйсгэхэд хэцүү байгаа нь өөрөө асуудал юм л даа?

-Ирээдүйн сайн сайхныг олж харж чадаж байна уу гэдгээс илүүтэй харин Сонгинохайрхан дүүргийн хөгжлийг дэмжих бодлогыг хэрхэн тодорхойлж байна вэ гэдгээр та бидний ярилцлага эхлэх гэж байгаа болов уу гэж бодож байна. Зөв үү?

-Тийм ээ

-Үнэхээр өөрийн чинь хэлсэнчлэн Сонгинохайрхан дүүргийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдлыг тооцоод байвал яг үнэндээ бархааргүй их гэдэг нь үнэн. Үүнийг худлаа үгүйсгэж, гоё сайхан болж байгаа гэж ярих хэрэггүй болов уу. Манай дүүрэгт ажиллаж амьдарч байгаа 300 мянган иргэний нүдэн дээр өнөөдрийн дүр зураг тодорхой байгаа учраас юун түрүүн бидний ярилцлагад гоёчлол хэрэггүй болов уу гэж бодогдож байна.

Улаанбаатар хотын шинэчлэсэн бүсчлэл 1992 онд батлагдаж, зургаан дүүрэгтэй болсон.Тэр үеэс Сонгинохайрхан дүүргийн үе үеийн засаг дарга нар бүгд л асуудлаа үнэнээр нь ярьж ирсэн. Миний хувьд ч энэ үнэнээс зугтахгүй. ХэцүүгээТүүнээс бус Сонгинохайрхан дүүргийн иргэд гэхээр л залхуу ажил хийдэггүй болчихсон юм биш. Дүүргийн засаг дарга нар нь ажилгүй сэтгэлгүй байсан ч юм биш. Төрийн бодлогоор боломжийг нь хязгаарлачихаад алдаагаа засахгүй бүхэл бүтэн 27 жил явчихсан байна.

-Таны хувьд тэгвэл анзаарагдахын тулд юу хийв?

-Юун түрүүн төрд үнэн мэдээллийг нь хүргэх ёстой гэсэн үүднээс Засаг дарга болсон даруйдаа анх удаа төрийн ордонд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүргүүд сэдвээр чуулган зохион байгуулсан. Баруун захдаа 360 мянган хүнийг авчирч сууршуулчихаад хүнийхээ тоонд тохирсон, тэдний амьдрах орчныг сайжруулах дэд бүтцийг шийдэх хангалттай мөнгө өгөхгүй байна Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг татвараар их мөнгө олдог учраас энэ дүүргээд их мөнгө авах ёстой. Танайх орлого багатай учраас бага мөнгөөрөө 360 мянган хүнийхээ амьдралын асуудлыг шийд гээд тулгачихдаг гэдгийг сануулсан нэг хүнд ногдох төрийн зардал маань бусад дүүргийнхээс 130 хувиар бага байх жишээний. Хөрөнгө оруулалт гэхэд жилдээ цөөхөн удаа 3 тэрбум төгрөгийн төсөв авсан байх жишээтэй.

- Бусад дүүргүүд тэгвэл хэр их төсөвтэй байдаг вэ?

-Өө өндөр шдээ. 15тэрбум хорин тэрбумаар л яригдана. Ийм их хөрөнгө оруулалт жил бүр орж ирэхээр чинь байр бүрийн гадаа, гудамжнууд дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь аргагүй шүү дээ. Энэ ялгаа шөнийн цагаар бүр их харагдана. Хэрэв та анзаарсан бол шөнийн цагаар Саппорогоос өмнөх Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ гэрэл харагдана. Сонгинохайрхан дүүргийн нутаг руу харахаар яг заагаараа салаад гэрэлгүй харагддаг.

-Гэхдээ харанхуйг та бүхэн гэрэлтүүлэх ёстой биздээ?

-Үнэн Засаг даргын Тамгын газар хариуцах ёстой. Гэхдээ гэрлийг сэтгэлээр биш мөнгөөр тавих ёстой. Тэр мөнгийг нь манайд төсөвлөхгүй байгаад л гол асуудал нь байгаа юм. Мэдээж мөнгөгүй гээд зүгээр суух ёсгүй гэдгээ бол мэднэ. Иймд энэ жилийн тухайд анх удаа дөрвөн тэрбум төгрөгөөр гэрэл тавихаар төсөвлөсөн байгаа. Мөн Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 2 жил орчим хөөцөлдөж бүтээсэн. Энэ 20 орчим тэрбум төгрөгөөх дүүргээ бүтэн гэрэлтүүлэх боломжтой болж байна. Бүх гудамж гэрэлтэнэ гэж бодохоор яах аргагүй дорвитой өөрчлөлт болж өгнө. Гэхдээ үүнийг хөгжил гэж хэлэхэд хэцүү.

-Яагаад?
 

-Яг үнэндээ энэ гэрлээр бүх гудамж, талбайгаа гэрэлтүүллээ гэхэд манай дүүрэг өнгөрсөн 20 гаруй жилийн хоцрогдлоо л нөхөх төдий үр дүн хүрнэ. Энэ жил дүүргийн хэмжээний бүтээн байгуулалтад тавигдсан 120 гаруй тэрбум төгрөгийг зарцууллаа гээд ч адилхан. Бусад дүүргээс хоцрогдсон хоцрогдлоо л нөхөж байгаа нь энэ. Юуны хүчинд гэхээр ёстой хэцүү байна гэж “Хэцүү байна. Болохгүй байна” гэж төр засгийнхны чихэнд хонх уяж байж арай хийж хөгжлөө тэнцүүлэх гээд байгаа юм. Мөн 360 мянга гаруй хүн амыг төлөөлөх төлөөлөл УИХ-д суух шаардлагатай байсан. Аз болж хуульд өөрчлөлт орсноор УИХ-д зургаан төлөөлөлтэй болсон маань тодорхой өөрчлөлт, дорвитой хөрөнгө оруулалт татахад дэмжлэг болж өглөө. 

-УИХ-д үнэхээр танай дүүрэг хүчтэй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Нийслэлийн МАН-ын дарга болсон байна. Эрх баригч намын нийслэлийн дарга гэдэг албан тушаалын ард яах аргагүй нөлөө бүхий хүч нуугдаж байж таараа. Дээр нь, УИХ-д нөлөө бүхий Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва, Н.Учрал нарын гишүүд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Энэ хүмүүсийн нөлөөлөл мэдрэгдэх юм уу. Уг нь хөндлөнгөөс нь харахад төсвийн хуваарилалт хийгддэг жишгийг бодвол сэв хийтэл нь босгоод ирвэл бас босгохоор л харагдаад байгаа даа?

-Хувь гишүүдийн нөлөөлөлд дүгнэлт хийнэ гэхээс илүүтэй тойргийнхоо өмнө хариуцлага хүлээдэг гэдэг талаас нь харах хэрэгтэй болов уу даа. Хүссэн ч, эс хүссэн ч энэ хүмүүс Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Тийм ч эрхтэй. Мөн хүссэн хүсээгүй УИХ-аар Монгол Улсын төсвийг баталдаг. Иргэдтэйгээ байнга уулзаж, зовлон бэрхшээлийг нь сонсож байгаа учраас тэр бүхнийг нь нэгтгээд төрөөс шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь татахын төлөө идэвх зүтгэл гаргаж таараа. Шийдвэрлэхийн төлөө ч явдаг юм байна. Тэр утгаараа УИХ-д дөрвөн төлөөлөлтэй байснаас зургаан УИХ-ын гишүүн төлөөлдөг болчихоор үр дүн тэр хэрээр нэмэгдэж байна. Мэдээж татварын орлого өнгөрсөн онд давж биелсэн нь эдийн засагт тодорхой эерэг өөрчлөлт гарсны илрэл. 

-Танай дүүргийн орлого нэмэгдсэн байх нь. Тийм үү?

-Чамлахааргүй нэмэгдсэн. 2018 онд татварын орлого 120 хувиар давж биелсэн нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн маань хүч. 

-Эмнэлэг, сургууль нэлээн баригдаж байгаа, удахгүй ашиглалтад орох мэдээлэл бас байсан?

-Зөвхөн энэ онд гэхэд 11 сургуулийн байр, шинэ өргөтгөл ашиглалтад орно. Цэцэрлэгийн 22 байр мөн баригдаж байгаа. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дүүргийн хэмжээнд нэг ч эмнэлэг баригдаагүй байсан бол энэ онд нэг эмнэлгийн өргөтгөл, нэг цоо шинэ эмнэлэг ашиглалтад орохоор байгаа. Мөн Соёлын ордон баригдана.

Соёлын ордон Сонгинохайрхан дүүрэгт яагаад чухал байна вэ гэхээр манай дүүргийн хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байдаггүй юм. Гэрээс сургууль, сургуулиас гэр рүүгээ л явахгүй бол олонхид нь хотын төв рүү байнга орох боломж бас хомс байдаг. Соёлын төв баригдсанаар хүүхдүүдийн өмнө өөрсдийгөө хөгжүүлэх боломж илүү нээлттэй болно. Цаг алдаж, түгжирч, түгжирч хотын төв рүү ороод эргээд гэртээ ирэх гэсээр байтал орой болдог энэ бэрхшээлийг шийдэж чадна. 

-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын олонх нь мөн л танай дүүрэгт байдаг байх аа?

-Байна аа, байна. Намайг ажил авахад найман сургууль гурван ээлжээр ажиллаж байсан бол одоо тав болсон. Гэхдээ хүн ам ихтэй том дүүрэг учраас жилээс жилд хүндрэл нэмэгдээд байдаг юм байна. Яагаад гэхээр 11 сургууль шинээр ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын хүндрэл шийдэгдэнэ гээд харахаар цаана нь дахиад шийдвэрлэхэд хэцүү хоёр сургуулийн асуудал гарч ирж байх жишээний. Энэ нь ойр орчимд нь барилгын ажил тавигдаагүй. Сургууль барих ямар ч газар байхгүй гэсэн үг л дээ. Гэхдээ өнгөрсөн онд тодорхой эрэл хайгуул хийсний үр дүнд зориулалтын бус хоёр ч барилгыг шинэчилж, цэцэрлэг болгон ашиглалтад оруулсан учраас дахин энэ арга замаар шийдвэрлэх боломж хайж байна. 

-Танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг өөрсдөө цэцэрлэгээ барьчихдаг гэж ойлгох нь бий. Үнэн үү?

-Ашиглагдахгүй удсан зориулалтын бус хоёр барилгыг УИХ-ын гишүүд маань цэцэрлэгийн шаардлага хангахуйцаар сэргээн засварлан хүлээлгэж өгсөн. УИХ-ын гишүүн Н.Учралын 19 дүгээр хороонд нээсэн “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж байгаа гэдгээрээ үнэхээр ач холбогдлын хувьд өндөр болж өгсөн. Манай дүүрэгт 900 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Тэдний 150 нь “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт хамрагдаж чадсан.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Мөнх тогтвортой хөгжил сан” төрийн бус байгууллагын зуун хувийн санхүүжилтээр 31 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэг байгуулсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьсан тус цэцэрлэг 150-200 хүүхэд хүлээн авах бололцоотой юм.  Улаанчулуут дахь хогийн цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг халуун дулаан орчинд өсч, сурч хүмүүжих нөхцөлөөр хангах зорилгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн “Нямбаатар сан” болон “Вэлүү сан”-той хамтран  150-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Нарны  хүүхдүүд-2” цэцэрлэгийг өнгөрсөн онд хүлээлгэж өгсөн.

Гол нь УИХ-ын гишүүд маань ийм идэвх санаачилгатай амжилттай хэрэгжихтэй хамт дүүрэг ч бас зүгээр суугаагүй. Мөн дүүргийн санаачилгын хүрээнд наймдугаар хороо буюу Баянхошууны дэд төвд өнгөрсөн оны сүүлчээр 240 хүүхдийн цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан байгаа. Хувийн хэвшлийн төлөөллөөс дэмжлэг авах замаар хуучин хорооны барилгаа 280 сая төгрөгөөр цэцэрлэг болгосон. Энэ бүх сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд 600-700  хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулж чадсан. Үүний ард 600-700 хүүхэд аюул ослоос хамгаалагдаж, аав ээж нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо гэсэн. Тэгэхээр яасан ч чамлаж болохгүй байх. Гэхдээ дахиад л барих ёстой, хийх ёстой, ашиглалтад оруулах хэрэгтэй. 

-Өнгөрсөн онд танай Засаг даргын Тамгын газрын өмнө тулгамдсан нэг том бэрхшээл бол яах аргагүй малтай айлуудыг хотоос гаргах. Энэ ажил бүрэн дүүрэн хийгдэж дууссан уу. Багагүй эсэргүүцэлтэй тулах шиг болсон?

-Энэ Сонгинохайрхан дүүргийн бус хотын ажил л даа. Манайх хамтарч ажилласан гэвэл зохистой байх. Хотын төвийн дүүрэгт мал бэлчинэ гэдэг угаасаа утгагүй. Иймд хотын малтай иргэдээс тодорхой хэсгийг нь буюу  468 өрхийг 21 дүгээр хороо руу гаргасан. Цаашид Сонгинохайрхан дүүрэгт гэхэд зөвхөн энэ хорооны Нарийний хэсэг, Ногоон толгой орчимд мал бэлчээж болно гэсэн үг.  Бусад дүүргүүдэд ч ийм бүсчлэл тогтоож өгсөн байгаа. Эсэргүүцлийн тухайд харин ч гайгүй байсан. Яахав хүний л араншин юм болохоор ганц нэг иргэний зүгээс эсэргүүцлээ зарлах, сүрдүүлэх, дайрч, давшлах зүйл бол гарсан. Гэхдээ угаасаа хотын төвдөө мал бэлчээдэг улс орон гэж хаа ч байхгүй. Ер нь төр энэ мэт нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр дээрээ хатуу зогсох ёстой шүү дээ. 

-Ер нь таны хувьд Дүүргийн Засаг даргаар ажиллаж буй энэ хугацаандаа “За энэ ажлыг ч ядах зүйлгүй хийчихнэ дээ” гэж санаанд багтсан, цаашид ч асуудалгүй хийж болох юм байна гэдэг итгэл төрүүлсэн ямар ажил байна вэ?

-Хог. 

-Цэвэрлэхэд хялбархан гэж үү?

-Яг үнэндээ төсөв санхүүгээ шийдээд, цэвэрлэнэ гээд зүтгэчихэд болдог юм байна лээ. Манайх дүүргийн хэмжээнд үүссэн 160 хур хогийн цэгийг цэвэрлэж, нийслэлдээ тэргүүлсэн. Одоо хотын хэмжээнд яригдах 20 дугаар хороонд хувийн эзэмшил газар дээр аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлгүй хаясан хог бий. Тэрийг цэвэрлэхийн тулд улс олон зуун сая төгрөгийн санхүүжилт гаргах болчихоод байгаа. Дүүрэг дангаараа шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тэгээд ч хувь хүний газар дээр хаясан хогийг дүүрэг цэвэрлэх нь утгагүй байхгүй юу.

Газрынх нь зөвшөөрлийг цуцалчихая гэхээр банкны барьцаанд газрын зөвшөөрлөө тавьчихсан байх жишээний. Хамгийн хялбар гэхээр хогийг онцоллоо. Өөр мэдээж олон ажил бий. Ер нь бол дүүргийн удирдлагыг хүмүүс аж ахуйн ажилтан гэдгээр хараад байдаг. Гэтэл энэ чинь хотын ерөнхий менежер гэсэн тусдаа албан тушаал бий. Харин дүүргийн Засаг дарга нь цэвэр бодлогоо тодорхойлж, зөв зүйтэйгээр хэрэгжүүлэх ёстой юм болов уу гэж би хувьдаа ойлгодог. 

-Тэгвэл таны хийх бодлогын ажил нь юу байх вэ?

-Хамт олноороо ярьж байгаад бодлого зорилтоо тодорхойлно л доо. Үүнийг хялбар гэж хэлж болохгүй. Сонгинохайрхан дүүрэгт яг нэг ижил бэрхшээл, асуудалтай 2 Нарийний хэсэг, Ногоон толгойн орчим гэсэн гурван байршилд 468 өрхийн газрын асуудлыг шийдсэн360 мянган хүн энд ажиллаж, амьдарч байна гэдгийг юун түрүүнд бодох хэрэгтэй. Агаарын бохирдол гэхэд бүгдэд нь адилхан хохирол учруулж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч бид бүгдийн өмнө тулгарч байгаа хамгийн том бэрхшээл. Энэ нийтлэг бэрхшээл дээр Сүхбаатар дүүрэг гэхэд нэг өөр бодлого барих бол Сонгинохайрхан дүүргийн хувьд огт өөрөөр яригдах жишээний. Иймд Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн чиглэлээр хийх бүтээн байгуулалт, соёл, боловсролын салбарт ямар ажил хийх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.

Дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ихэнх хөрөнгө оруулалт нь айлын хашааг будах, гэрлийг нь тавьж өгөх, зам барих гэсэн тодорхой хэдхэн ажилд зарцуулагддаг. Зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нь өөрөө бид нар хаашаа төвлөрч ажиллах вэ гэдгийг хэлж өгдөг. Үнэнийг хэлэхэд 26 жилийн турш айлын хашааг будаж, бүр хашаанд нь байгаа модыг услахад анхаарсан байна. Цаашид үүнийхээ оронд ажилтай, орлоготой болгоход анхаарах ёстой гэдэг бодлогыг дүүргийн хэмжээнд гол болгоно.

Айлд нэг хүүхэд нь сайн боловсрол эзэмшээд, аятайхан ажилтай болчихвол тухайн айлын амьдрал тодорхой хувиар дээшлээд ирдэг. Шууд нэг хүүхдийн нуруун дээр сэвхийтэл бүх ачааг үүрүүлнэ гэж юу байхав. Гэхдээ л нэг ч гэсэн хүүхдэд нь боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд доороос app-up гэж хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын мэдлэг эзэмших чадвар, мэргэжил сонголтод боломжит бүх хувилбараар анхаарал тавьж эхэлсэн. Манай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн болон төгсөлтийн шалгалтын чанарын үнэлгээ нэлээн доогуур гарсан. Уг нь сүүлийн хоёр жилд энэ чиглэлд нэлээн анхаарал хандуулсан ч хүссэн үр дүндээ төдийлөн хүрээгүй. 

-Одоо тэгээд яах вэ?

-Хотын төвийн сургуулиудын төгсөгчид нь өндөр оноо авдаг багш нарыг дүүрэгтээ урьж ажиллуулж байна. Дүүргийн хэмжээнд энэ жил мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Тэдний анги төгсөх шалгалтынх нь үнэлгээгээр багш нарын дунд уралдаан зарласан. Үүнд зориулж 200 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Өмнө нь дүүргийн хэмжээнд боловсролд зориулж, тусгайчлан ингэж мөнгө төсөвлөж байсан тохиолдол байхгүй. Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөр гэж баталдаг байсан нь ямар ч мөнгөгүй, зүгээр л цаасан дээр уриа болоод хоцордог байсан. Тэгэхээр цаашид энэ уламжлалаараа явж болохгүй болчихоод байгаа юм. Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд мөн анх удаа 100 гаруй сая төгрөг төсөвлөсөн. 

-Энэ мөнгийг хаанаас гаргав?

-Зам барих болон дэд бүтцийн төслүүдээсээ тодорхой хэмнэлт, зөв менежмент хийсний хүчинд гаргасан. Бодлогын өөрчлөлтийг санхүүжилтээр дэмжихгүй бол мянга тунхаглаад, мянга зорилт тавиад хүрэхэд хэцүү юм байна. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн бодлого анх удаа дүүргийн хэмжээнд аж ахуйн ажлаас дээгүүр тавигдлаа гэсэн үг. 

-Хууль зөрчсөн болж та буруудахгүй юу?

-Үгүй дээ. Орон нутгийн маань төсөв давж биелээд цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг илүү гарсныг нь л зарцуулж байгаа хэрэг. Бусад дүүрэгтэй харьцуулах юм бол бас л бага мөнгө. Ингээд ярихаар хүмүүс бусад дүүрэгтэй барьцлаа л гэнэ байх. Гэхдээ үнэнийг ярихгүйгээр үр дүнд хүрэхэд хэцүү байна л даа. Гол нь бодлогоо ингэж өөрчлөхгүй бол 26 жил, 27 жил дүүрэг аж ахуйн ажил гүйцэтгэсээр яваад хүн рүүгээ чиглэсэн төрийн бодлого гэгчийг орхигдуулчихсан байна. Иймд бүх багш, арванхоёрдугаар анги төгсч байгаа сурагчдынхаа аав ээжүүдтэй уулзсан. Ирээдүйгээ бодож дор бүрнээ хичээе, тэр хичээл зүтгэлийг нь дэмжий гэдгээ тохирсон. Үүний нэг бодит жишээ болгон “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн”-г хоёр жилийн өмнөөс байгуулж эхэлсэн.

Баянхошууны Гүнжийн нуурын дэргэд, нэгдүгээр хорооллын дунд гээд эхний ээлжинд хоёрыг байгуулсан байгаа. Энэ “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн”-гээ цаашид хоёр ч байрлалд шинээр барьчихвал хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хотын төв рүү номын санд суух гэж ирж очдог цагийг хэмнэх, ном уншиж боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломж нь нэмэгдэх юм болов уу гэж хараад байгаа юм. Манай дүүрэгт хүүхдээ салхилуулж байгаа аав, ээжийг харахаар орж нөмөрлөж, дулаацах газар байхгүй. Тохь тухтай суугаад хүүхдээ тоглуулах орчин нөхцөл алга.

Хий дэмий л гадаа салхилангаа утсаа оролдоод суух жишээний. Аав ээжийнхээ энэ үйлдлийг харсан хүүхэд эргээд л чөлөө зав гарвал утсаар оролдоод суудаг болчихож байна. Яг үнэндээ бид нар бүгдээрээ адилхан л байгаа байхгүй юу. Үүнийхээ оронд аюулгүй орчинг бүрдүүлсэн хашаатай, тэр хашаандаа айдасгүй сууж болдог, дотор нь барьсан номын санд нь ороод тааваараа хүүхдээ ном бариулаад уншуулж, танилцуулдаг болчихвол хүний хөгжил, боловсрол ярихад арай дөхөм болно оо доо. Бүүр уншихаа байг гэхэд номтой танилцана гэдэг чинь бас хандлагын өөрчлөлт биз. Дараа нь, аяндаа уншдаг хэвшилтэй болно оо доо. Энэ нь зан төлөв, зуршил өөрчлөх анхдагч зорилт байгаа юм.

-Шалгалтын дүн ажил үйлсээс нь шалтгаалаад нэг багшийг 5 сая төгрөгөөс 10 сая төгрөгөөр урамшуулна гэж танайхаас зарласан байсан. Энэ хэт өндөр урамшуулал биш үү? Өмнө нь дүүргүүд ЭЕШ-ын оноогоор нь нэг сая төгрөгийн урамшуулал зарлаж туршсан тохиолдол бий дээ.

-Нэг л багшид олгоно. Энэ нь уралдаан байхгүй юу. Багш нарыг байр эзлүүлээд тэндээсээ түрүүлсэнд нь олгоно. Яг хавтгайд нь сая төгрөг гэхээр үр дүн муутай юм шиг. Туршлага судалж үзэхэд шүү дээ.

-За таны тавьсан зорилтын хүрээнд тухайн сурагч элсэлтийн шалгалтад өндөр оноо авч сайн сургуульд орж сайхан боловсрол эзэмшиж амьдралын боломжоо дээшлүүлж аав ээждээ туслах гэсээр байтал бараг 10 жил өнгөрнө дөө. Хэдийгээр та өнөөдөр энэ зорилтыг дэвшүүлж байгаа ч гэсэн 10 жилийн дараа тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт гарах хүртэл албан тушаалдаа байх нь юу л бол. Ингэж бодохоор дээрх санаачилгаас гарах үр дүнд та өөрийгөө хэр хамаатуулах вэ. Ж.Сандагсүрэн даргын санаачлагын үр дүнд ..." гэсэн яриа 10 жилийн дараа тухайн айлын гал тогоонд яригдах эсэх нь өөрөө эргэлзээтэй шүү дээ?

-За даа намайг тухайн үед санах нь юу л болдоо. Ер нь бол санах ч үгүй байх. Одоо ч гэсэн биднийг энэ ажлыг санаачлаад хэрэгжүүлж байна гэж ярих нь цөөхөн байх. тэгээд ч санагдахын тулд эсвэл тархинд нь өөрийнхөө нэрийг хоногшуулахын тулд хийж байгаа ажил биш байхгүй юу. Сандагсүрэн мэтийн олон дарга нар энэ дүүрэгт ирээд буцсан. Цаашид ч ирээд буцна. Угаасаа албан тушаал гэдэг мөнх биш. Энд нэрээ сийлж үлдээх ёстой гэсэн хандлагаар улайрч чардайгаад байх хэрэг байхгүй.

Гол нь өнөөдрийн бидний санаачилсан ажил нэг хүүхэд, нэг ч гэсэн айлд үр дүнгээ өгөх нь чухал. Түүнээс биш миний нэр гарах нь чухал биш, арван жилийн дараа ч гэсэн мартагдахгүй байх ёстой гэсэн хандлага энд байж болохгүй. Харин хэрэв 26 жилийн өмнө 10 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлсэн бол өдийд эхний үр дүн нь гараад эхэлчихсэн байгаа гэж бодохоор хааяаа бас хэтэрхий цаг алдсан байна гэж бодохоор харамсах сэтгэгдэл төрнө шүү. Дээр нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж тэр хэрээр ирээдүйн боломж нээгддэг гэдгийг би өөрийн биеэр туулаад гарсан хүүхэд учраас хүүхэд багачуудад боломж олгох нь чухал гэж ойлгоод байгаа юм.

-Таны танилцуулгаас эдийн засагч, математикч гэж уншсан?

-Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль болон Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн. Ерөнхийдөө тооны ухаан дагаж суралцсан математикч чиглэлийн хүн.

-22-р дугаар хороонд түшиглэж сүрьеэгийн тандалт судалгаа хийсэн гэж байсан. Судалгааны дүнг мэдээллэж болох уу?

-Энэ хороо маань манай дүүргийн хамгийн их хүн амтай, дээр нь яг агаарын бохирдол амьдрах орчны үзүүлэлт их тааруу бөх учраас зориуд тандалт судалгаа явуулахаар сонгосон. Нэг сум 4000 гаруй хүн амтай байхад 22 дугаар хороо маань 20 мянган хүнтэй. Таван сум гэсэн үг. Зөвхөн сүрьеэгийн тандалт судалгаа ганц хийгээгүй. Давхар давхар шинжилгээнд хамруулсан. Яг дүнг нь ийм тийм гэж тоогоор хэлэх нь буруу болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн газар энэ талаар ярих нь зөв байх. Ямар ч байсан зайлшгүй анхаарах шаардлагатай байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэр дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг боловсруулж төсөв баталсан байгаа.

-Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах энгийн дадал зуршлын талаар зөвлөгөө өгөөд нэг буруудсан талтай байх аа?

-2016 оны 8-р сард анх ажлаа авсан. Тэгээд нэг их удалгүй өвөлтэй золгож агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ Сонгино-хайрхан дүүрэг хамгийн их агаарын бохирдолтой.Утаа гаргадаг гээд асуудал мэдээж эхэлж байгаа юм. Нэгэнт нөхцөл байдал нь үнэн юм чинь зүгээр суултай нь биш ажил эхлүүлнэ дээ энэ хүрээндээ ДЭМБ-аас өгсөн 17-н зөвлөмжийг нийтэд таниулан сурталчлах ажил хийсэн.

Тэр дунд маск зүүх, эрүүл агаарт алхах, нэг метрээс доош хүнд элементүүд бууж хуримтлагддаг учраас бага насны хүүдээ аль болох өргөж явах гэх мэт зөвлөгөө байсан. Түүнээс нь л эхэлсэн хэрэг. Гэхдээ агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах ийм амархан гэж хэлээгүй юм. Ёстой нөгөө хөндлөнгийн хэтрүүлэг гэдэг нь орж баяжаад л нэг хэсэгтээ яриа болсон. Энэ гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хоёр гурван жилийн дараа бүх хүн л хүүхдээ өргөж яв, маскаа зүү гэж хэлдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр буруу зүйл хэлээгүй нь батлагдаж байгаа юм л даа.

-Яг үнэндээ Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол Толгойт, Орбитоор явахаар хөгжиж дэвших итгэл найдвар олж харна гэдэг хэцүүлдээ. Тэр дундаа утаанаас салах эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах хүний анхдагч эрх үндсэндээ зөрчигдөж, улам бүр мартагдаж байгаа нь харагддаг. Таны хувьд энэ их гэр  хороолол бугшсан орчныг өөрчилж чадна гэж найддаг уу? Нөхцөл байдлыг өөрчлөхын тулд яалтч үгүй бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг талаас нь харах юм бол нэг их аятайхан хариулт ирэхгүй юм болов уу гэж бодож байна?

-Анх манай гэр 20-иод жилийн өмнө Ханын материалын гэр хороололд нүүж ирж байсан. Айл гэрт хааяаа асуудал бэрхшээл тохиолдох үе байна. тэр үед орон сууцнаас шууд гэр хороололд ирэхэд хүүхэд байсан болохоор харьцангуй хэцүү л байсан. Их сургуулиа төгсөөд дүүрэгтээ ажилд орсон. Гэр ойрхон байсан болохоор тэр үед харьцангуй амар байсан байх. Гэрээсээ гараад ажил ажлаас гараад гэр рүүгээ орох нь амар ч дүүргийн иргэн бүрийн өмнө тулгарч байгаа бэрхшээлийг би тойрч гараагүй л байхгүй юу. Дараа нь харин найман жил хувийн хэвшилд ажиллаж байгаад эргээд л дүүрэгтээ ирсэн.

Нэг ёсны Сонгинохайрхан дүүргээ би сайн мэднэ. Мөн гэр хороололд тухайн айл өрх хичээвэл сайхан  тохьтой тухтай амьдарч болдогийг ч бас мэднэ. Сүүлийн үед бас гэр хороолол гэхээр л гамшиг байгаа мэтээр нэг талаас хэт хөөрөгдөж яриад байна. гэтэл гэр хороололд хувийн эзэмшил газар болох хашаагаа тохижуулаад, зундаа ногоон байгууламж болгож өвөлдөө утаа гаргахгүйгээр цэвэр бохироо өөрсдийн боломжоороо шийдээд сайхан амьдардаг айлууд олон болж байна.

Хэрэв энэ хүмүүст төр агаарын бохирдолыг бууруулаад шийдээд өгчих юм бол гэр хороололд харин ч хөгжих боломж бий гэж харагддаг. Харин сүүлийн үед яригдаад байгаа хөрсний бохирдол болон орчны тохижилтонд хувь хүмүүс өөрсдөө үүрэг хүлээж бас хариуцлагаа үүрэх ёстой гэсэн бодол төрдөг. Мэдээж үүний тулд цалинтай, орлоготой байх хэрэгтэй л дээ.

-Дүүргээс ажилтай орлоготой болоход нь туслах боломж хэр байдаг вэ?

-Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй иргэнийг ажилд зуучилсан. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 7000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах зорилгоор хоёр ч төв байгуулсан. Өмнө нь ийм дэмжлэг байгаагүй. “Мянган санаа- Мянган залуу” нэртэй гарааны бизнесийг дэмжсэн төслийн сургалт зохион байгуулж байна. Япон руу Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэж байгаа дөрвөн бүтээгдэхүүнийг гаргахаар болсон. Ёстой бизнес төлөвлөгөөн дээр нь би өөрөө хамт суугаад хамт боловсруулаад явж байна.

-Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-үүлийн эхлүүлсэн Гэр хорооллын барилгжилт төслийн хүрээнд хэд хэдэн орон сууцны хотхон баригдах ёстой. Энэ ажил одоо юу болж байгаа вэ?

-Зогссон.

-Та зогссон гэдэг үгийг арай л итгэлтэй хэлчихэв үү дээ?

-Нэгэнт зогссон ажлыг зогссон гэж хэлэхгүй зогсоод байгаа, зогсооно гэж зөөллөж хэлэлтэй нь биш дээ.

-За тэгвэл тайлбарлаач яагаад зогссоныг нь?

-Ерөнхийдөө явуургүй болчихсон байсан. Толгойтод нэг хэсэг газар ашиглалтад орсон Баянхошуу,  Ханын материал орчимд баригдах байсан төслүүд бүгд зогссон. Мөн яагаад ингэж шууд хэлээд байна гэхлээр би өөрөө бас энэ асуудал дээр бухимдалтай байгаад байгаа байхгүй юу. Яагаад гэхээр төр буруу бодлого зарлаж, түүнийгээ хэрэгжүүлж чадаагүйн хохирлыг өнөөдөр аж ахуйн нэгжүүд ч газраа байаханшигаа чөлөөлсөн иргэд ч давхар амсаж байна.

Аливаа ажлыг эхлэхэд сайхан санаа байж болно.Гэхдээ болгоомжтой ажиллах ёстой эхний ээлжид туршлага хуримтлуулаад түүнийгээ амжилттай болох эсэхээс хамаарч дараагийнхаа төслийг эхлүүлэх хэрэгтэй гэтэл бөөнд нь үр дүнг нь тооцохгүйгээр баахан газар эхлүүлчихсэн. Тухайн төсөл хэрэгжих компаниудынхаа боломжийг сайн судлахгүйн дээр иргэдтэй ойлголцох ойлголцол дээр тухайн үеийн хотын захиргаа дэмжлэг үзүүлээгүй. Ингэхээр чинь хоёр тал зөрчилдөнө өө дөө. Ийм асуудлаас болоод сүүлийн 3 жил орон байртай болох нь битгий хэл түрээсийн байрны төлбөрөө ч төлж чадахаа байсан олон арван иргэдийн бэрхшээлийг манай дүүргийнхэн өдөр болгон сонсож байна.

Тэр хүмүүсийн зовлонг сонсоод суухаар яаж бухимдахгүй байхав дээ. Үнэхээр нөхцөл байдал хэцүү байгаа. Газар чөлөөлж шууд бүтээн байгуулалт хийх нэрээр олон зуун иргэн хохирсон учраас энэ удаад тухайн газрыг нь авч иргэдийн эрсдэлийг нэмэхгүйгээр байгаа газарт нь дэд бүтцийн шинэчлэл хийх ёстой юм байна лээ. Засгийн газарч ийм бодлого барьж ажиллаж байгаа сая Чингэлтэй дүүрэгт ашиглалтад оруулсан шиг 50-300 айлын дунд нэг цэвэрлэх байгууламж халаалтыг нь шийдэж хэрэгжүүлж байгаа “ Сервис ценр” үүний нэг жишээ юм.

-Баянхошуунд баригдах дэд төв гэдэг нь “Сервис центр”-ийн нэг хувилбар юм уу? Өөр шинэ төлөвлөлт яриад байна уу?

-Тэр тусдаа. Бүтээн байгуулалтын ажил нь харин ч их сайн явагдаж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр шинэ цэцэрлэг ашиглалтад оруулсан. Цаашдаа сургууль орон сууцны хороолол барина. Гол нь түрүүний яриан дээр нэмээд хэлэхэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг ямар ч судалгаа бодит үр дүнг нь тооцоолохгүйгээр эхлүүлсэн учраас иргэдэд асар их эрсдэл үүсгэсэн. Бүр хохироосон. Иймд бидний зүгээс нэмж эрсдэл үүсгэж болохгүй гэдэг байр суурь баримталж байгаа гэдгээ хэлмээр байна.

-Гэхдээ та залуу хүний хувьд эрсдэл үүрэхээс татгалзах нь зөв үү?

-Энд миний үүрэх эрсдэл иргэдэд үүсэх эрсдэл хоёр тусдаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мэдээж дүүргийн засаг даргаа  р ажиллана гэдэг асар том эрсдэл. Миний шийдвэрийн ард 330-360 мянган хүний амь амьдрал яригдана гэж тооцсон ч тэр асар том эрсдэл байгаа биз. Харин өөрөө үүрэхийн тухайд дээр хэлсэн боловсрол эрүүл мэндийн салбарт дэд бүтэц рүү орох ёстой санхүүжилтээс хэмнэлт гаргаад анх удаа 200 болон 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж дэмжлэг үзүүлж байна гэдэг чинь яах аргагүй эрсдэл.

Мэдээж миний хувьд ганцаараа шийдээгүй хамт олонтойгоо ярилцсан учраас айх зүйл алга. Гэхдээ “ Төсвийг зориулалт бусаар зарцууллаа” гэдэг асуудал яригдахаа хүрвэл яригдана. Гэсэн ч үүнээс эмээхгүй хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэнд нь зүй ёсны шаардлага болчихоод байна. энэ жилээс Тайваны их сургуульд дүүргийнхээ хүүхдүүдийг явуулах хөтөлбөрийг хамтарч боловсруулсан. Ингэхдээ тухайн хүүхдийн Тайваны их сургуульд бэлтгэх хэлний сургуулийн зардлыг манай дүүргээс гаргана. Тэр нь их мөнгө ч бас биш л дээ. Гэхдээ л өмнө нь гаргадаггүй байсан зардал. Хэдэн ч хүүхэд хамаагүй хэлний сургалтанд хамрагдаж Тайвань руу сургуульд явахаар бэлдэнэ гэсэн. Манайх багшийг нь цалинжуулна. Тайваны тал мөн манайхаас очсон оюутнуудыг ажилд зуучлах үүрэг хүлээнэ. Харин төлбөрийг нь эцэг эх нь гаргах ёстой. Өөрөөр хэлбэл ямар ч дундын зуучлалгүй Тайванд сурна гэсэн үг. Хэрэв эрсдэл үүрэх дургүй хүн байсан бол “За төвөг айлын хүүхдүүдийг Тайваньд аваачаад янз бүрийн эрсдэл үүсвэл төвөг нэр сэвтэхийн нэмэр”  гэсэн бол ийм санаачилга гаргахгүй л байсан байх.

Гэтэл тийм биш байхгүй юу. Ганц ч гэсэн хүүхэд Тайванд суралцаад тодорхой төвшний Хятад, Англи хэлтэй мэргэжилтэй болвол аштай юу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байна даа. Гол нь аав ээж нь жилийн 2 мянга орчим ам долларын сургалтын төлбөрийг нь харин зээл аваад ч болсон төлчих хэрэгтэй. Хэлний бэлтгэлд үнэгүй хамрууллаа зуучлалын төлбөр авсангүй тухайн улсад нь суралцангаа ажиллах боломжоор нь хангалаа тэхээр чинь өнөөдөр машин авах гэж цалингийн зээл авахын оронд хүүхдээ боломжийг ашиглаад сургачих ёстой байхгүй юу. Гэхдээ мэдээж энэ бол тухайн аав ээжийн асуудал байх л даа.

-Мөн л хотын дарга асан Э.Бат-үүлийн үед сугалаагаар олгодсон газрууд байна. танай дүүрэгт гэхэд хэд хэдэн бүс бий. Гэтэл нэг үе би азтай гэж газар сугалаагаар хожсондоо баярлаад явж байсан хүмүүс өнөөдөр үндсэн хуулиар ганц олгогдсон газар үнэгүй өмчлөх эрхээ дэмий зүйлээр таглуулчихлаа гэдэг зүйл яриад эхэллээ. Ер нь сугалаагаар газар авсан хүмүүс өөрсдийгөө газартай гэж итгэх нь зөв үү эсвэл өөр хувилбар бодсон дээр үү?

 -Харамсалтай нь өөр хувиллбар бодно гэхээр нэгэнт газар  өмчлөх үнэгүй ганц эрхээ сугалаагаар эдэлчихлээр чинь өөрөөр бол худалдаж л авах шаардлагатай болно байх. Тэгэхээр азтай азгүй гэдгийг нь энэ асуудал дээр би хэлээд суух нь зохисгүй болов уу. Зүгээр бодит байдлын хувьд үнэхээр л ямар ч нэгдсэн зохион байгуулалтгүй дэд бүтцийн ямар ч урьдчилсан төлөвлөгөөнд огт ороогүй газруудад сугалаа зохион байгуулснаар өнөөдөр тухайн бүс нутгийнх нь иргэд хүртэл мал бэлчих газаргүй болж хувирсан Найрамдлын зам дагуу хэсэг газар сугалсан хүмүүсийн хувьд дэд бүтэцтэй болох найдвар арай ойр байж магадгүй.

Харин партизаны цаашаа авсан хүмүүсийн хувьд үнэндээ хэлэхэд хэцүү байх жишээний. Гэтэл сугалаагаар газар авсан иргэд маань хүний амьдрах орчин нөхцөл хангагдаагүй газрыг эргүүлж өгөөд нэг удаагийн үнэгүй газар өмчлөх эрхээрээ өөр газар авна гэж хэлэх хууль эрх зүйн орчин нөхцөл нь алга. Тэгэхээр бас яалт ч үгүй хохироод үлдэж байгаа юм. Энэ чинь л төр засгийн шийдвэрийг судалгаа төлөвлөгөөтэй гаргахгүй бол эргээд иргэд хохирдог гэдгийн нэг илрэл юм.

-Согинохайрхан дүүргийг хоёр хуваах санал зарим хүнээс гардаг. Энэ хэр боломжтой хувилбар вэ? хуваалаа гэхэд төсөв санхүүд нэмэр болох уу?

-Зардал л нэмэгдэнэ. Дүүргийг 2 хуваагаад нэг дүүргийг нь Сонгинохайрхан гэдгээр нь үлдээлээ гэхэд шинэ дүүрэгт харъяалагдсан иргэдийн иргэний үнэмлэхийг солих, гудамж талбайн хаяг солих, дүүрэг байгуулах гээд нэг хэсэгтээ л бужигнаан нэмэгдэнэ. Дээр нь яг үнэндээ иргэдийн дүүрэг дээр ирж авах үйлчилгээ их бага байдаг. Гэрлэлтээ бүртгүүлэх, газрын гэрчилгээ гаргуулах гэдгийг эс тооцвол наашаа ирэх шаардлага бага харин хорооны хувьд өөр хэрэг

. Төрийн бүх 150 гаруй үйлчилгээ хороон дээр төвлөрдөг болсон. Гэтэл манай 22-р хорооны зарим иргэн төрийн үйлчилгээ авах гэж 5км явж байх жишээний иймд дүүргийг үр ашиггүй зардлыг нэмж байхын оронд 10 хороо шинээр байгуулчихмаар байгаа юм. Энэ саналаа нийслэлрүү хүргүүлсэн. Хороог нийслэл шийдэх учраас харьцангуй хялбар, зардал ч бага гарна. Дүүрэг хуваана гэхээр УИХ-аар засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Шинээр дүүргийн ИТХ бүтцийг батална гэх мэт олон юм болж байх жишээний.

-Намтраас тань харахад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ийн ажлын албаны мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлсэн байсан л даа. Сүүлийн үед таныг УИХ-ын гишүүн, уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, нийслэлийн МАН-ын дарга Д. Сумъяабазарын гарын хүн гэдэг тайлбар хэвлэлээр гарах болсон. Магадгүй 3 давхар дээлтэй, эрх мэдэл хангалттай цугларсан энэ хүний нөлөө хэвлэлээр бичигддэг шиг таньд бий юу?

-Уг нь Д. Сумъяабазар сайдаас өмнө МАН-д тэр дундаа Сонгинохайхан дүүргийн МАН-ын  хороонд байсан хүн шүү дээ. Мөн 2012 онд дүүргийн ИТХ-д сонгогдсон хүмүү  сийг хамаатуулаад байдаг нь хэсэг хугацаанд УИХ-ын гишүүн болохтой нь зэрэгцэн зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэнтэй холбоотой байх. Өмнө нь бүр таньдаг ч үгүй байж байгаад 2012 онд манай дүүрэгт нэр дэвшиж ирэхэд нь л танилцсан.

-Гол нь одоо танай Сонгинохайрхан дүүргийн намын хороо МАН-д хамгийн хүчтэй харагдаж байгаа нь нууц биш. Сая Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн МАН-ыг удирдаж эхлэхтэй зэрэгцэн танай дүүргийн намаас цөөнгүй хүн нийслэлийн нам руу очсон. Мөн НИТХ-ын даргаар сонгогдсон Д.Дагва ч гэсэн танай дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Нэг есны дүүргийн засаг даргын хувьд та энэ нөлөөллийг үгүйсгэхгүй биз дээ?

-Дүүргийн намын хорооны дарга байсан хүн Нийслэлийн МАН-ын дарга болохтой зэрэгцээд хүн бүр л их хүчтэй боллоо. Сонгинохайрхан дүүргийн МАН нийслэлийн намыг удирдах нь мэтээр ярьж байна л даа. Уг нь нам гэдэг итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийн нэгдэл болохоос бус дүүрэг дүүргээрээ хуваагдаж улс төр бүлэг үүсгэдэг зохион байгуулалт биш байхгүй юм.

Д.Сумъяабазар даргыг шууд л Сонгинохайрхан дүүргийн МАН-ыг нүүлгэчихнэ гэж бодсон байх. Тийм юм байхгүй л дээ. Энд дор бүрнээ ажилтай хүмүүс чинь ажлаа хийх хэрэгтэй. Ганц нэг хүн нийслэл рүү явсан бол үнэн. гэхдээ бүгд явах ямар ч боломжгүй. Ийм хуваагдлын өнгө аясаар тодорхойлоод байх юм бол цаашаа явахад хэцүү болно доо улс төрд.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд МАН-ын нэр хүнд ер нь хэр байгаа вэ?

-Намын рейтинг өндөр байгаа гэж худлаа ярьмааргүй байна. зөвхөн манай дүүргийн биш улсын хэмжээнд МАН-ын нэр хүнд тааруу байгаа нь үнэн. гэхдээ эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөрөө биелүүлж иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гаргах боломж нь нээлттэй бадаг учраас өнөөдрийн рейтингээр маргаашийг ярих хэрэггүй болов уу.

Сэтгүүлч Г.Отгонжаргал